| |
Ээлжит бус чуулган орвол эхлээд “Эзэн-100”-гийн хэрэгжилтийг нэхнэ
УИХ-ын хаврын чуулган завсарласнаас хойш Төрийн ордон эл хуль, зарим танхимууд засвартай байна. Тун удахгүй манай улсад хоёр хөршийн тэргүүнүүд айлчилна. Айлчлалаар УИХ-ын хүндэтгэлийн чуулганыг хуралдуулах төлөвлөгөөтэй байгаа. Тиймдээ ч, Төрийн ордон өнгө засч, хоёр хөршийнхөө тэргүүнийг хүлээж авах бэлтгэлээ хийсээр байна. Харин хүндэтгэлийн чуулганыг үргэлжлүүлээд ээлжит бус чуулган хуралдах магадлал байгааа бололтой. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар хүндэтгэлийн чуулган болон, ээлжит бус чуулганы тов хэзээ байхыг, ер нь ээлжит бус чуулган хийх шаардлага бий юу гэдгийг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл шийдвэрлэнэ хэмээн хэлжээ. Харин Их Хурлын дарга З.Энхболд өнөөдрөөс ажилдаа орж байгаа аж. Ер нь УИХ-ын хаврын чуулган завсарлах үед Их хурлын гишүүдийн зарим нь, эргээд хэзээ цуглах вэ гэдэг асуудлыг хөндөж байсан. Хуваарь ёсоор ирэх аравдугаар сард намрын чуулган хуралдах ёстой ч, түүнээс өмнө ээлжит бусаар цуглан төсвийн тодотгол, Өршөөлийн хууль, Эдийн засгийн ил тод байдлын тухай зэрэг хуулиудыг ярих шаардлагатай байгаа аж. Одоо бол Их хурлын гишүүд амралтын байдалтай, найр наадам, сумын ой, гадаад дотоод томилолт, аялал хийсэн шигээ суугаа.
Мэдээж тойрогтоо ажиллах, гадаад дотоодын томилолт бий л байх. . Гэхдээ нийгэм эдийн засгийн байдал хүнд, ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож байгаа үед УИХ-ын гишүүд найр наадам хөөгөөд, амарч зугаалаад байх шаардлагагүй биз. Хаврын чуулган хаалтаа хийх үед манайхыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт өнгөрсөн оны өдий үеэс 65 хувиар буурсан гэх статистик мэдээлэл гарч байсан. Гэхдээ өнгөрсөн он нь өмнөхөөсөө 60 хувь буурсан гэж байлаа. Ингээд бодохоор 2012 онтой харьцуулахад гадаадын хөрөнгө оруулалт 120 хувиар буурсан гэсэн үг. Монгол Улсад өнгөрсөн оны эхэнд нэг тэрбум ам.доллар орж ирсэн бол, энэ онд 400 гаруй сая төгрөгийн л хөрөнгө оруулалт хийгдсэн байдаг. Түүгээр ч барахгүй удахгүй болох Хөрөнгө оруулагчдын чуулганд оролцох гадаадын хөрөнгө оруулагчид олдохгүй байгаа талаар зохион байгуулагчид үгээ хэлж байгаа гээд, бодлого тодорхойлох түвшинд зайлшгүй хэлэлцэн, шийдвэрлэх ёстой олон асуудал байгаа юм. Харин ээлжит бус чуулганы талаар гишүүд ямар байр суурьтай байгааг нь сонирхлоо.