“Түрээслээд өмчлөх” орон сууцны хөтөлбөрт хэн хамрагдах вэ
Монгол Улсын Засгийн газрын 2016–2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.4.3-т залуу гэр бүл, 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрхийг тэргүүн ээлжид орон сууцжуулах, орон сууцны түрээсийн төлбөрийг урьдчилгаанд шилжүүлэн тооцдог зохицуулалтыг үе шаттай нэвтрүүлэхээр тусгасан байдаг. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд зах зээлийн үнийн өсөлтөөс шалтгаалан орон сууцны урьдчилгаа төлбөр бүрдүүлж чаддаггүй, ипотекийн зээлд хамрагдах боломжгүй иргэдэд зориулан 2019 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 138 дугаар тогтоолоор “түрээслээд өмчлөх” орон сууцны хөтөлбөрийг баталсан юм.
Одоогийн байдлаар Архангай, Увс, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Хэнтий аймгийн Бор-Өндөр, Ховд зэрэг орон нутагт нийт 850 иргэн “түрээслээд өмчлөх” гэрээ байгуулсан бол Улаанбаатар хотын хэмжээнд Буянт-Ухаа-2 болон Хангай хотхонд нийт 1520 айл хамрагдсанаас 592 нь түрээсийн, 918 нь түрээслээд өмчлөх нөхцөлтэй байгаа тул сул орон сууц үлдээгүй аж.
Иймээс Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд хэрэгжих “Солонго-1” төслийн 2042 өрхийн орон сууцыг 2026 оны долдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж, сонгон шалгаруулалтыг наймдугаар сараас эхлэн цахимаар “ХУР/ДАН” системээр зохион байгуулахаар болсон байна. Түүнчлэн “Солонго-2” төсөлд 3000 орчим айлын орон сууц баригдаж 2027 онд ашиглалтад орох бол “Эко Яармаг-1” төсөл 2027 онд, “Залуус-1” төсөл 2028 онд ашиглалтад орохоор төлөвлөгджээ.
Мөн БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд, Ногоон нуур орчимд 1008 айлын орон сууц баригдаж ашиглалтад орсон. Үүнээс 756 айлын орон сууцыг газраа орон сууцаар солих нөхцөлөөр хамруулах бол үлдсэн 252 айлыг “түрээслээд өмчлөх” хэлбэрээр олгохоор төлөвлөсөн байна.
Уг орон сууцнуудад хамрагдах зорилтот бүлгийн квотод төрийн үйлчилгээний ажилтан 25 хувь, төрийн албан хаагч 15 хувь, ахмад настан 18 хувь, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 10 хувийг эзэлж байгаа бол 15-34 насны залуу гэр бүл , 0–18 насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрх, өрх толгойлсон эцэг/эхэд дэмжлэг үзүүлэх зохицуулалтыг тусгасан юм.
Байрны түрээсийн төлбөр нь нэг метр квадрат тутамд 11,000–15,000 төгрөг байхаар тогтоогдсон. Жишээлбэл, 50 м² талбайтай орон сууцны сарын түрээс дунджаар 650,000 төгрөг байна. Өмнөх зохицуулалтаар иргэд урьдчилгаа төлбөрөө тодорхой хугацаанд бүрдүүлэхгүй удаашрах, гэрээ олон жил үргэлжлэх асуудал гарч байсныг шинэ журмаар зохицуулж, таван жилийн хугацааны хязгаар тогтоожээ. Өөрөөр хэлбэл, иргэн таван жилийн дотор орон сууцны үнийн 30 хувийг бүрдүүлэх үүрэгтэй бөгөөд уг хугацаанд шаардлага хангахгүй бол тухайн орон сууцыг дараагийн хүсэлт гаргасан иргэнд шилжүүлэх зохицуулалт хийгдэнэ.
Хөтөлбөрт хамрагдах иргэн нь Улаанбаатар хотод байнга оршин суудаг, 18 нас хүрсэн Монгол Улсын иргэн байх, өмнө нь орон сууц өмчилж байгаагүй, эхнэр нөхрийн аль алиных нь нэр дээр орон сууцгүй байх, тогтвортой орлоготой бөгөөд нэгээс доошгүй жил ажилласан байх шаардлагатай. Харин хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэн нэг жилээс дээш хугацаанд үйл ажиллагаа явуулсан, нийгмийн даатгалын шимтгэл төлөгч байх ёстой.
Гэвч шаардлага ханган орон сууцанд хамрагдсан ч гэрээ цуцлагдах олон нөхцөл байгаа нь иргэдийн бухимдлыг улам нэмэгдүүлсээр байна. Тухайлбал, дөрвөн хүүхэдтэй айлын нэг хүүхэд 18 насанд хүрэх, гэр бүл салах, төрийн албан хаагч ажлаа өгөх, эсвэл тухайн байрыг түрээслэн өмчлөх гэрээ байгуулсан иргэн нас барсан мөн залуу гэр бүлийн эхнэр нөхөр хоёрын аль нэг нь 35 нас хүрсэн тохиолдолд өмчлөх эрхийг дуусгавар болгож, дараагийн хүсэлт гаргасан айлд шилжүүлэх зохицуулалт нь амьдралын бодит нөхцөлд нийцэхгүй, хэтэрхий нэг талыг барьсан гэж иргэд үзэж байна. Харин нөгөө талаас ТОСК ТӨХХК-ийн Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Энхбаатар “Энэ бол халамжийн хөтөлбөр биш, иргэдийг орон сууцтай болгох зорилготой дэмжлэгийн хөтөлбөр” хэмээн тайлбарлажээ.
“Түрээслээд өмчлөх” орон сууцны хөтөлбөр нь анхнаасаа нийгмийн хамгийн эмзэг, орон сууцны зах зээлд орж чаддаггүй иргэдэд чиглэсэн бодит дэмжлэг байх зорилготой байв. Гэвч бодлогын зорилго, хэрэгжилтийн хоорондын зөрүү нь энэ хөтөлбөрийг иргэдийн итгэл найдвараас аажмаар холдуулж, дургүйцэл, үл ойлголцол дагуулсан асуудал болгон хувиргасан нь бодит үнэн юм.
Иргэдийн шүүмжлэлийн гол цэг нь “шалгуур хангах” ойлголтыг амьдралын бодит нөхцөлөөс тасалж, зөвхөн бичиг цаасны хүрээнд хатуу тогтоосонд оршино. Хүүхэд насанд хүрэх, гэр бүл салалт, ажил албан тушаал солигдох, гэр бүлийн гишүүн нас барах зэрэг нь тухайн айлын буруу биш, харин зайлшгүй тохиолддог амьдралын өөрчлөлт байтал үүнийг өмчлөх эрх цуцлах үндэслэл болгож байгаа нь иргэдэд шударга бус санагдана.
Нөгөө талаас, түрээсийн төлбөрийн хэмжээ болон таван жилийн дотор 30 хувийн урьдчилгаа бүрдүүлэх шаардлага нь бодит орлогын түвшинд нийцэхгүй байгааг иргэд онцолсон. Тогтворгүй эдийн засаг, инфляц, амьжиргааны өртөг өссөн өнөөгийн нөхцөлд уг шаардлага нь “дэмжлэг” гэхээсээ илүү өрхүүдэд нэмэлт дарамт болж, улмаар гэрээ цуцлагдах эрсдэлийг улам нэмэгдүүлж байгаа юм.
Мөн хөтөлбөрийн хүрээнд иргэнтэй байгуулж буй гэрээ нь төрийн байгууллагын эрх ашгийг хэт хамгаалсан, иргэний эрх, бодит нөхцөл байдлыг хамгаалах уян хатан заалт дутмаг байгаа нь иргэдийн амьдралд гарч болох эрсдэлийг урьдчилан тооцоолох бус, үр дагаврыг нь хатуу шийтгэлээр шийддэг тогтолцоо нь хөтөлбөрийн мөн чанарыг сулрууллаа.
Тиймээс иргэдийн зүгээс энэхүү бодлогыг бүрмөсөн үгүйсгэх бус, хэнийг дэмжих гэж эхэлсэн анхны зорилгоо санах, гэрээ цуцлах үндэслэлүүдийг бодит амьдралтай нийцүүлэх, урьдчилгаа бүрдүүлэх хугацаа, нөхцөлийг уян хатан болгох, мөн иргэний эрх ашгийг хамгаалсан хамгаалалтын заалтуудыг гэрээнд тусгах шаардлагатай гэж үзэж байна. Хэрэв энэ өөрчлөлт хийгдэхгүй хэвээр байвал “түрээслээд өмчлөх” хөтөлбөр нь орон сууцтай болгох гарц бус, харин иргэдийг сонгож хасдаг, итгэл найдвар тасалдаг бодлого болон үлдэх эрсдэлтэй.
Ч.Юмчирдулам
