|
Видео

Шинэ мэдээ

Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

 

ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод дахь хөнгөн цагааны үйлдвэрлэлийн хоёр байгууламжад Ираны тал цохилт өгсний дараа хөнгөн цагааны үнэ 6 орчим хувиар өссөн тухай Bloomberg агентлаг мэдээлжээ. Тодруулбал, Лондоны металлын бирж дээр гурван сарын хугацаатай хөнгөн цагааны гэрээний үнэ 5.7 хувиар өсөж, тонн нь 3463 ам.долларт хүрсэн байна. 

 

Дэлхийн нийт хөнгөн цагааны үйлдвэрлэлийн 10 орчим хувийг Булангийн орнууд бүрдүүлдэг. Ираны талаас цохилт өгсний улмаас Абу-Даби дахь үйлдвэр "ихээхэн хохирол" амссан гэж Ойрх Дорнодын хөнгөн цагаан үйлдвэрлэгч хамгийн том компани болох "Emirates Global Aluminium" гуравдугаар сарын 28-ны өдөр мэдэгджээ.

 

Бахрейны төрийн өмчит "Aluminium Bahrain" компани мөн байгууламжид нь эвдрэл гэмтэл гарсан тухай мэдээлсэн байна. Хөнгөн цагааныг автомашин, нисэх онгоц болон нарны зайн хавтан үйлдвэрлэхэд ашигладаг. Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас үнэ нь огцом өсөж, тонн нь 3540 ам.доллароос давжээ. Цэргийн ажиллагааны улмаас бүс нутгийн хайлуулах үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ ачуулах, түүхий эд хүлээн авах боломжгүй болоод байна.

 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд хийсэн Ираны дайралтууд нөхцөл байдлыг улам хүндрүүлж, Ормузын хоолойг нээсэн ч гэсэн нийлүүлэлтийг удаан хугацаагаар тасалдуулж болзошгүйг шинжээчид анхааруулжээ. 

 

Гуравдугаар сарын 3-нд Ираны эсрэг АНУ, Израилын ажиллагаа эхэлсний дараахан Катарын "QatarEnergy" компани үйлдвэрлэлээ зогсоосноо мэдэгдсэн. Үүний дараа "Aluminium Bahrain" компани мөн үйлдвэрлэлээ бууруулж эхэлжээ. Хэрэв нийлүүлэлт удаан хугацаагаар саатах аваас хөнгөн цагааны үнэ богино хугацаанд 4000 ам.долларт хүрч өсөх магадлалтай гэж "J.P. Morgan" болон "ING" банкны шинжээчид таамаглаж байна. 

 

 

 

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler