
Монгол орны зүүн бүсэд зудын нөхцөл байдал хүндэрсээр байна. Ялангуяа Дорнод аймгийн Халхгол суманд энэ оны хоёрдугаар сарын 22-ноос эхлэн цаг агаарын аюултай үзэгдэл үргэлжилж, мал аж ахуйн салбарт хохирол учруулаад байна.
Улсын хэмжээнд 11 аймгийн 43 суманд цагаан зудын нөхцөл үүсээд байгаа бол 13 аймгийн 47 сум цагаанаар зудархуу байдалтай байна. Цагаан зудтай байгаа аймаг, сумдын дотор Баян-Өлгий, Ховд, Хөвсгөл, Өвөрхангай, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Дорнод зэрэг аймгуудын зарим сум багтаж байна. Мөн Баян-Өлгий, Хөвсгөл, Баянхонгор, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Дундговь, Хэнтий, Дорнод аймгуудын нутаг дэвсгэрт цагаанаар зудархуу нөхцөл үргэлжилж байгаа нь хаврын улирал эхэлж буй энэ үед малчдад улам хүндрэл учруулж байна.
Халхгол суманд 43 мянган мал уруудан алга болжээ
Ойрын өдрүүдэд цас ихээр орсон Халхгол суманд өнгөрсөн оны мал тооллогоор 89 мянга гаруй толгой мал бүртгэгдсэн байна. Гэвч цаг агаарын хүнд нөхцөл, цасан шуурга, салхины улмаас өчигдрийн байдлаар уруудан алга болсон малын тоо 43 мянгыг давжээ. Үүнээс 18 мянга гаруй малыг эрэн хайж олсон бол 24 мянга гаруй мал одоог хүртэл олдоогүй, сураггүй хэвээр байна. Энэ нь нийт мал сүргийн бараг тал хувьд хүрэхүйц тоо бөгөөд малчдын амьжиргаанд шууд нөлөөлөх юм. Одоогоор батлагдсан малын хорогдол 266-д хүрчээ. Хэдийгээр шууд хорогдлын тоо харьцангуй бага мэт боловч их хэмжээний мал уруудан алга болсон нь цаашид хорогдол нэмэгдэх эрсдэлийг бий болгож байна.
Ойрын өдрүүдэд цасан шуурга үргэлжилнэ
Цаг уурын байгууллагын мэдээллээр гуравдугаар сарын 2-нд Төв аймгийн зүүн, Хэнтийн өмнөд, Сүхбаатар аймгийн хойд болон зүүн хэсэг, Дорнод аймгийн нутгаар цасан шуурга шуурна. Харин 3-ны өдөр нутгийн зүүн хагаст, 4-ний өдөр Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байгаа бөгөөд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, нөхцөл байдал улам хүндэрч болзошгүй байна.