ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд /ОПЕК+/ хоногт олборлох нефтийн ирэх тавдугаар сарын дээд хязгаарыг 206 мянган баррелиар нэмэгдүүлэхээр тохиролцжээ.
ОХУ, Саудын Араб, Ирак, АНЭУ, Кувейт, Казахстан, Алжир, Оманы төлөөлөгчдийн ням гарагт болсон цахим бага хурлын дараа хийсэн хамтарсан мэдэгдэлд энэ тухай дурдсан байна. “Зах зээлийн тогтвортой байдлыг хангахын тулд олборлолтын хэмжээг зохицуулах шийдвэр гаргалаа” гэж мэдэгдэлд онцолжээ.
Өмнө нь гуравдугаар сард болсон хуралдаанаар хоногт олборлох нефтийн хэмжээг 206 мянган баррелиар нэмэгдүүлэх шийдвэр гаргаж байсан юм. Ормузын хоолой хаагдаж, байлдааны ажиллагаа үргэлжилж байгаагаас үүдэн эрчим хүчний хямрал үүсээд буй энэ үед тавдугаар сард нийлүүлэх нефтийн квотыг нэмэгдүүлсэн нь худалдан авагчдын сэтгэл санааг тогтворжуулахад тус дөхөм үзүүлнэ хэмээн үзэж байна.
Дээр дурдсан 8 улс хоногт олборлох хэмжээг 2,2 сая баррелиар бууруулах шийдвэрээ 2025 оны 9 дүгээр сард хүчингүй болгож, 10 дугаар сард 1,65 сая баррелиар бууруулах шийдвэрээсээ татгалзаж эхэлсэн юм. Ингээд 2026 оны 1-3 дугаар саруудад олборлолтыг нэмэгдүүлэхээ түр азнаад байв.
ОПЕК+-ийн ээлжит уулзалт тавдугаар сарын 3-нд болно. Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх нөхцөл байдлаас шалтгаалан улс орнууд шинэ нийлүүлэгчийн эрэлд гарч байна. Тухайлбал, Тайланд улс өмнө нь хэрэгцээт нефтийнхээ тал хувийг Персийн булангаас авч байсан бол одоо Орос улстай хэлэлцээ хийгээд эхэлжээ. Мөн Энэтхэг улс сүүлийн долоон хугацаанд анх удаагаа Иранаас нефть худалдан авсан байна.
Б.Адъяахүү
