Хүчирхийлэл контент болсон нь

Өсвөр насныхны үе тэнгийн дээрэлхэлт өнөөдөр “хүүхдүүдийн зодоон” гэх энгийн ойлголтоос аль хэдийн гарч, нийгмийн аюулгүй байдал, төрийн хариуцлагын асуудал болж хувирлаа. Зодож, доромжилж, бичлэг хийж сошиалд цацан инээд наргиа болгох энэ үзэгдэл хүний сэтгэл зүйг эвдэж, улмаар амь насанд хүргэж байна.
Саяхан сошиал орчинд тархсан нэгэн бичлэг олон нийтийг цочроов. Уг бичлэгт нийслэлийн төвд байрлах Шангри-Ла худалдааны төвийн дөрөвдүгээр давхрын орцонд нэг охиныг 20 орчим хүүхэд бүлэглэн зодож, хувцсыг нь тайлуулан доромжилж буй дүрс гарна. Хамгийн аймшигтай нь тэдний ард хэд хэдэн хөвгүүд инээлдэн зогсож, хүчирхийллийг зогсоох бус харин “үзвэр” болгон харж байв.
Энэ бол гудамжны харанхуй буланд болсон хэрэг биш. Нийслэлийн төвд, хамгаалалттай байршилд, олон нийтийн орон зайд болжээ.
Уг хэрэгтэй холбогдуулан 8 хүүхдийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгалт явуулахад, охид урьдчилсан мэдүүлгээрээ “найз хөвгүүний өмнүүр алхсан, чат бичсэн” гэх шалтгаанаар зодсон бөгөөд бичлэгийг Инстаграмд байршуулж, дагагчийнхаа тоог нэмэх зорилготой байсан гэжээ.
Эндээс нэг ноцтой асуулт урган гарч байна.
Хүний нэр төр, бие махбодийг доромжлох нь сошиалд нэр хүнд олох “контент” болж хувирсан юм биш биз?
Энэ бичлэг ганц удаагийн хэрэг биш. Уг бүлэг охидын хохирогч ганц биш бөгөөд гомдол ар араасаа ил гарч эхэлсэн.
Нэгэн хохирогч охины ээж “Миний хүүхдийг Юуки буюу Оюун-Эрдэнэ, Каннаа буюу Саянаа, Б.Баярбаясгалан нараар толгойлуулсан бүлэг хүүхэд зодсон. Цагдаад хандсан ч хэрэг нь дарагдаад өнгөрсөн” хэмээн ярьсан юм.
Тэрбээр цааш нь “Зодоонд оролцсон охидын нэг Б.Баярбаясгалангийн аав Баатаржав гэх хүн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилладаг. ‘Хэргийг дардаг’ гэх яриаг өөр олон хохирогчоос сонссон” гэж ярьжээ.
Дардаг аавтай учраас энэ охидын бүлэг айж эмээх, ичиж зовохоо мэдэхгүй, зодсон хүүхдүүддээ “Чи миний арыг мэдэх үү?” хэмээн дураараа авирлах нь энүүхэнд.
Цагдаад баригдаж явахдаа ч цагдаагийн машинд зураг дарж, “Цагдаатайгаа андууд болоод дууслаа. Цагдаа маань намайг шүтдэг юм байна” хэмээн сторид байршуулж байсан удаатай Б.Баярбаясгалан гэгчийн аав Баатаржав нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хурандаа бөгөөд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрийн охины гэмт үйлдлийг нуун дарагдуулсаар өдийг хүрсэн гэх мэдээлэл байна.
Энэ бол зүгээр нэг цуурхал биш. Хэрэв төрийн алба хаагчийн нэр нөлөөгөөр хэрэг дарагддаг бол энэ нь гэмт хэргээс ч илүү ноцтой асуудал юм.
Хамгийн харамсалтай нь дээрэлхэлт нь “сэтгэл санааны шарх”-аар дуусаагүй. Хохирогч охин хоёр удаа судсаа ханаж, амиа хорлох оролдлого хийсэн байна. Мөн “энэ бүлгийн үйлдлээс болж тавдугаар ангийн охин амиа хорлосон, 12 настай охин амиа хорлох оролдлого хийсэн” гэх баримтыг түүний ээж дурдсан юм.
Тэрбээр “Шүүх шинжилгээний явцад хохирлын зэргийг тогтоох баримт бичиг алга болсон. Үүний дараа хэргийг ‘харилцан зодоон’ гэж үзэн хаасан” хэмээн ярьжээ.
Энэ асуудлыг Zarig.mn сайтад өгсөн ярилцлагадаа дэлгэрэнгүй дурдсан байна.
Хууль байгаа ч хэрэгждэггүй бодит үнэн
Хууль сахиулагч нотлох баримт устгасан, нуун дарагдуулсан нь тогтоогдвол Эрүүгийн хуулиар 1–5 жил хүртэл хорих ял оноох заалттай. Мөн бүлэглэн зодож, хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн бол 2–8 жилийн хорих ял оногдуулах боломж бий.
Гэвч бодит байдал дээр хэрэг “харилцан зодоон” болж хувиран, хохирогч дуугүй үлдээд зогсохгүй, хүчирхийлэгч сошиалд “од” болоод дуусдаг. Энд хууль сул биш, хэрэгжилт байхгүй байгаад л асуудал оршино.
Иргэдийн зүгээс “Дээрэлхэлтийг шоолж, инээд болгож ярьдаг олны танил хүмүүс, хариуцлага хүлээдэггүй томчууд хүүхдүүдэд хамгийн буруу үлгэр дуурайлал үзүүлж байна” хэмээн шүүмжилж байна. Томчуудын хариуцлагагүй хандлага хүүхдүүдэд “ингэж болдог юм байна” гэх ойлголтыг өгчээ.
Сэтгэлзүйч Төгс-Оюун “Өсвөр насныхны тархи үр дагаврыг бүрэн тооцоолох чадваргүй, сэтгэлзүйн хувьд тогтворгүй байдаг. Энэ үед эцэг эхийн хараа хяналт сул байвал хүүхэд найзын нөлөөнд амархан автдаг” хэмээн анхаарууллаа.
Тэрбээр удаан хугацаанд дээрэлхэлтэд өртсөн хүүхдүүд сэтгэл гутралд орж, ганцаараа байхыг хүсэх, сургуульдаа явахаас зайлсхийх, улмаар амьдрах итгэлээ алдах эрсдэл өндөр байдгийг онцолсон юм.
Эцэг эх болгоны хүсэл нь үр хүүхдээ аз жаргалтай, сайн сайхан явахыг харах явдал ч, заримдаа тэд үүнийг эд материалын хэлбэрээр илэрхийлж, хайраа буруу ойлгуулдаг. Үүний улмаас өсвөр насны хүүхдүүд нэг нэгнээ өмссөн хувцас, амьдардаг газар, өнгө үзэмжээр нь ялгаварлах, мөнгөтэй бол хүссэнээ хийж болно хэмээх буруу ойлголттой өсөх болжээ.
Иймд эцэг эхчүүд үр хүүхдээсээ алдаа хайхаасаа өмнө өөрсдийн хандлага, үйлдлийг эргэн харж тэдэнд цаг зав гаргаж, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэн, хүүхдэдээ хайр, анхаарлаа зөвөөр мэдрүүлэх нь хамгийн чухал юм.
Ч.Юмчирдулам
