“Р.Чойном-90 жил” үзэсгэлэнг нээлээ
Монгол Улсын Засгийн газраас энэ 2026 оны хоёрдугаар сарын 4-нд 42 дугаар тогтоолоор Төрийн шагналт, яруу найрагч Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтсон юм.

Энэхүү ажлын хүрээнд Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын Холбоо, УИХ-ын Тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын үндэсний музей, Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын “Өд” сан хамтран өнөөдөр /2026.03.20/ “Р.Чойном-90 жил” үзэсгэлэнг олон нийтэд дэлгэж байна.

Р.Чойном нь Хэнтий аймгийн Дархан сумын нутаг Бор-Ухаа гэдэг газар 1936 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр мэндэлсэн юм. Р.Чойномын гэр үзэсгэлэнг анх Хэнтий аймгийн Дархан суманд 1995 онд нээн ажиллуулж байсан бөгөөд өнөөдрийн үзэсгэлэнд тус гэр музейд тавигдаагүй 100 гаруй үзмэр тавигджээ.

МАН-ын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын холбооноос Р.Чойномын “Өд” сантай хамтран 12 арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөн хэрэгжүүлж байгаагийн нэг нь өнөөдөр нээлтээ хийж буй “Р.Чойном-90 жил” үзэсгэлэн юм.
Төрийн шагналт яруу найрагч Р.Чойном нь 1957-1960 онд БНМАУ-ын Урчуудын Эвлэлийн Хорооны зургийн тасаг, Хотын соёлын ордон, “Шинжлэх Ухаан амьдрал” сонинд зураачаар тус тус ажиллаж байсан юм.
Тиймээс энэхүү үзэсгэлэнд түүний урлан бүтээсэн зураг, модон сийлбэр, чулуун сийлбэр гэх мэт урьд өмнө нь олон нийтэд төдийлөн дэлгэгдэн харуулж байгаагүй бүтээлүүд нь тавигдаж байна.
Р.Чойном нь зөвхөн яруу найрагч төдийгүй зураач, сийлбэрч байсан юм. 1990 онд түүнд Монгол Улсын Төрийн шагнал нэхэн олгосон юм.

Үзэсгэлэн өнөөдрөөс ирэх дөрөвдүгээр сарын 7-ны өдрийг хүртэл олон нийтийн хүртээл болно.
Үзэсгэлэнд Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга, Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч Б.Пүрэвдагва, Р.Чойномын гэргий Н.Нина, Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сангийн тэргүүн Д.Ганболд болон төр, урлаг соёлын төлөөлөл, залуучууд оролцлоо.











