| |
Сэтгүүлч, зураглаач нар тахлын үед өөрсдийгөө яаж хамгаалах вэ?
Миззурийн сэтгүүл зүйн сургуулийн дэргэдэх Рэйнолдс Жорнализм Институтээс "Ковид19-ийн үед сэтгүүлчид хэрхэн ажиллах, аюулгүй байдлаа яаж хангах вэ?” сэдвээр виртуал уулзалт хийсэн байна. Гуравдугаар сарын 20-нд болсон энэ арга хэмжээнд Америкт ковид19 вирус хамгийн анх орж ирсэн Вашигтон мужид аюулт тахлын галын шугам дээр ажиллаж буй Сиэтл Таймс сонины сурвалжлагч Пэйж Корнуэлл (Paige Cornwell), Сан Франциско Хроникл сонины гэрэл зурагчин Карлос Гонзалез (Carlos Gonzalez), Санта Роза Пресс Демократ сонины гэрэл зурагчин Кэнт Портэр (Kent Porter) нар оролцож туршлагаа хуваалцжээ. Энэ гурван сонины редакц коронагаас болоод хаагдсан тул гурвуул зайнаас ажлаа хийж байгаа. Тэдний өгсөн зөвлөгөөг мэргэжил нэгт сэтгүүлчдэдээ тоймлон хүргэж байна.
Сэтгүүлч, сурвалжлагч, зурагчин, зураглаачдад зориулсан зөвлөмж:
- Аюулт вирусын тархалтаас хамаараад хэвлэл мэдээллийн байгууллага бүр зайнаас ажиллах горимд шилжихэд хүрч болзошгүй. "Вирус та нарын зүг явж байгаа” тул олон нийтэд үнэн бодит, шуурхай мэдээ мэдээллээр цаг алдалгүй үйлчлэх мэргэжлийн үүргээ тасралтгүй биелүүлэхийн тулд хэвлэл мэдээллийн редакцууд хааж, зайнаас ажиллахад эртнээс бэлтгэ. Гамшгийн үед зайнаас ажиллах техник бэлтгэлээ ханга. Туршиж үз.
- Сан Франциско Хроникл, Санта Роза Пресс Демократ сонингуудын хувьд Калифорниад жил тутамд гардаг түймрийн сурвалжлагыг хийдэг тул гамшгийн үед сэтгүүлчид, зурагчид дангаараа болон багаараа хэрхэн ажиллах дадал эзэмшсэн байсан нь муж тэр чигээрээ гэрээсээ ажиллах горимд шилжихэд бэрхшээл бага байсан.
- Редакцууд Slack, Google Drive зэрэг сувгуудаар мэдээллээ солилцож, хэдэн зуун файл дээр ажиллаж байгаа. Иймэрхүү аргыг одооноос хэрэглэж үз.
- Редакцид очиж ажиллана гэдэг өндөр эрсдэлтэй алхам тул редактор, дизайнеруудтайгаа видео чатаар харьцах боломжтой. Хурлаа ч гэсэн зайнаас хий.
- Эдгээр сонин ажилтнууддаа зөөврийн компьютер авч өгөөд, ажлын ширээн дээрээ том дэлгэцэнд залгаж ажиллуулдаг байсан тул зайнаас ажиллах үед их амар байсан. Хүн бүр зөөврийн компьютероо аваад, сурвалжлагаа гэрээсээ, машинаасаа, Интернэт холболттой газраас явуулж байгаа.
- Гэрэл зурагчдын хувьд гэртээ суугаад ажиллах боломжгүй тул гадуур гарч зураг авахдаа аюулгүй байдлаа маш сайн анхаарах хэрэгтэй. Олон дуран, аппарат чирэлгүй, нэгийг авч явдаг болсон. Зургаа холоос татаж авах боломжийг илүү хай. Зургийн аппаратаа ойр ойрхон ариутгагч бодис шингээсэн цаасаар арч. Дуран болон аппаратаа шалан дээр битгий тавь. Хамар амандаа байнга ойртуулдаг тул нэн болгоомжтой бай.
- Зургийн тайлбар, ярилцлага хийхдээ микрофон аль болох битгий хэрэглэ. Оронд нь зургийн аппаратаараа видео бичлэг хийх, гар утсан дээрээ яриаг бичиж болно. Ийм үед тэмдэглэлийн дэвтэр хэрэглэх дэмий.
- Халдвар их авсан газар руу бүү ор.
- Халдвар тархаж буй газар сурвалжлага хийх тохиолдолд маш болгоомжтой ажилла. Хүмүүстэй гар битгий барь. Маск зүү.
- Хүмүүст мэдээлэл хүргэхийн тулд бид өөрсдөө эрүүл байх ёстой. Харамсалтай нь бид бас өөрсдөө халдвар түгээх ч аюултай тул өөрийгөө хамгаалах дэг гаргаад ягштал барь. Кэнт Портэр машиндаа ариутгалын бодис, ус саван авч явдаг. Зураг авах сурвалжлага бүрийнхээ дараа машиныхаа хаалганы бариулыг болон аппаратныхаа гадна талыг ариутгагчтай нойтон цаасаар арчаад шууд хаядаг. Гутлынхаа ул, хажуу талыг цайруулагчтай бодисоор цэвэрлэнэ. Дараа нь машиныхаа гадаа савантай усаар гарынхаа шууг хүртэл сайтар угаадаг. Гэрийнхээ үүдэнд гутлаа тайлаад бүх өмссөн хувцсаа тайлж уутанд хийгээд дараа нь ариутган угаана. Тэгээд шууд усанд ордог.
- Сурвалжлага мэдээ бичихдээ олон нийтийг дэмий үймүүлж паникт оруулахаас болгоомжил. Мэдээ материалаа үнэн бодит эсэхийг 2-3 дахин, янз бүрийн эх сурвалжаас баталгаажуулан шалган нягтал. Нийгэмд талцал үүсгэх, үзэн ядалт, гадуурхал, арьс өнгө, гарал үүслээр ялгаварлахад хүргэх өнцөг гаргахгүйг хичээ. АНУ-д маск зүүсэн ази гаралтай хүмүүсийн зураг авахад маш болгоомжтой хандсан.
- Сурвалжлага хийхдээ микрофон хэрэглэхдээ болгоомжтой бай.
- Гэрээсээ ажиллаж, хүнд сэдвээр сурвалжлага материал бэлдэх нь стрессэд оруулж болзошгүй тул гадуур гарч алх, инээдмийн кино үз. Ажлын дараа хэдэн цаг мэдээллээс тасарч, тархи оюунаа амраах боломж гарга.
- Эерэг өөдрөг бай. Утас хангинаж, компьютерийн товчлуур шажигнаж, нааш цааш хөлхөлдөн, яриа хөөрөө, шуугиан, мэдээллээр буцалж байдаг редакцаа бид бүгд санаж байна. Эргээд тэр ажлын горимдоо удахгүй орно гэдэгт итгэлтэй байна.
Орчуулсан: Доктор Я.Борчулуун