|
Видео

Шинэ мэдээ

ДОХ-той иргэн цайны газарт бэлтгэгч хийж байхад Мэргэжлийн хяналт хаана нь байв

 

ДОХ-той иргэн цайны газарт бэлтгэгч хийж байхад Мэргэжлийн хяналт хаана нь байв

 

Энэ бол зүгээр нэг мэдээлээд өнгөрөх асуудал биш л дээ. Гар шуу нь тэр аяараа яр шарханд "идэгдсэн” хүн  цайны газарт бэлтгэгч хийгээд явж байна гэдэг гадна  өнгөнөөсөө эхлээд л  анхаарал татах ёстой асуудал.  Хамгийн гол нь ийм хүнийг бэлтгэгчээр ажиллуулж байсан тэр цайны газрынхны ухаан мэдрэл нь хаана байв гэдэг хачирхмаар зүйл.  Нүд цагаан, мөнгө улаан гээд үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг боддоггүй юмаа гэхэд өөрсдийнхөө эрүүл мэнд, ариун байдал, үйлчилгээний нэр хүндээ эрх биш бодолцох учиртай мэт.

Бүр дүрэм журмаараа бол нийтийн хоолны салбарт ажиллах хүн эрүүл мэндийн шинжилгээ өгсөн, ямар нэгэн халдвар тээгч биш гэдгээ нотолсон эмнэлгийн дүгнэлттэй байх учиртай.  Харамсалтай нь энэ дүрэм  журам зөрчсөний  нэг балаг нь ХДХВ/ДОХ-ын халдвар тээгч хүн цайны газарт бэлтгэгч хийж байх үедээ нас барсан тохиолдлоос харагдаж байна. Энэ тухай тодруулбал:

Өнгөрөгч арваннэгдүгээр сарын 12-ны өдөр ХДХВ/ДОХ-ын халдвар тээгч эмэгтэй амь насаа алдсан хэрэг  гарчээ. Талийгаач  Сүхбаатар дүүргийн есдүгээр хороонд амьдардаг байсан бөгөөд  41 настай байжээ. Тэр бээр ХДХВ/ДОХ-ын өвчний улмаас долоон жил эмнэлгийн хяналтад байсан бөгөөд хамтран амьдрагч нь ч мөн халдвар тээгч байсан гэдгийг дээрх явдлын дараа тогтоожээ. Дээрх явдлыг гадны нөлөөтэй эсэхийг тодруулахаар шүүх шинжилгээний эмнэлэгт  хүргүүлсэн бөгөөд  биен дээр  нь олон тооны хөх толбо үүссэн, биеийн ил харагдах хэсэгт яр шархтай байжээ. Харин шинжилгээгээр тухайн эмэгтэйг ХДХВ/ДОХ-ын халдвартайг болохыг тогтоожээ.  Эх сурвалжийн мэдээлэлд дурдснаар талийгч архины хамааралтай, мөн хамтран амьдрагчтай байсан гэжээ.  Энэ хэрэг явдлын дараа хамтран амьдрагчийг нь шинжилгээнд хамруулахад мөн халдвар тээгч байсан төдийгүй одоо хавьтагч нарыг нь тодруулахаар ажиллаж байгаа гэх.

Ийм л нэг явдал болоод өнгөрч. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт оршдог тэр цайны газраас хоол хүнсээр дамжин халдвар тарсан байх магадлал нь асуудлын нөгөө тал.  Энэ л түгшүүр.

Талийгаач нь өвчний улмаас гар, шууны хэсэгтээ олон тооны шархтай байсан бөгөөд энэ нь  хүнсний бүтээгдэхүүнд шархны идээ цус орох, улмаар халдвар цааш дамжуулах өндөр эрсдэлтэй байсан нь шалгалтын явцад тогтоогдсон байна. Арай л хэтийдсэн эрсдэл байгаа биз.

Аль болох олон хөлийн газар бараадсан цайны газарт өдөртөө магадгүй зуугаар тоологдох хүн үйлчлүүлдэг байж мэднэ. Яахав, багаар бодоход ядахад 50 хүн үйлчлүүлж таарна. Цайны газрын бэлтгэгч хүн гэхээр ногоо цэвэрлэж, хэрчихээс эхлээд гурил зуурах, мах татах, бэлэн болсон банш, гамбир, аяга таваг, халбага сэрээ нааш цааш зөөхөөс эхлээд юу эсийг хийдэг байв гэж. Тэр бүгдэд халдвар дамжаагүй гэх баталгаа бий юу.

Тухайн цайны газрынхан бэлтгэгчээ ХДХВ/ДОХ-ын халдвартай байсныг мэдээгүй гэжээ.  Мэдээгүй байх шалтгаан нь цайны газарт ажиллах хүндээ ном дүрмийн шалгуур тавьж, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулаагүй явдал.  Ер нь Улаанбаатарын цайны газрууд гэж бэлтгэгч, үйлчлэгч, тогооч зөөгчийн байнгын эрэлттэй байдаг.  Тэгээд ирсэн болгоныг  ямар ч шалгуургүйгээр авдгийн балаг нь иймэрхүү.

Харин энэ бүхэнд хяналт тавьж байх ёстой мэргэжлийн хяналтынхан хаагуур нь өнгөрөв гэдэг нь өөрөө бас  том асуудал юм.  Нийслэл, дүүргийн мэргэжлийн хяналтын алба, нийтийн хоолны хяналт хариуцсан ажилтан гээд  тус алба "цэрэг армиар” лав дутаагүй байх.  

Ер нь Мэргэжлийн хяналтын албаныхан гэж  ямагт "ниргэсэн хойно нь хашгирдаг” хачин араншинтай хүмүүс. Магадгүй, МАН-ын засаглалын үеийн хамгийн хангалтгүй ажиллаж байгаа нь энэ агентлаг байж мэдэх юм. Хааяа нэг хахууль, авлигатай холбоотойгоор нэр нь дуулдаж,  гудамжинд тамхи ширхэглэж байгааг олсноо сүр бадруулан зарладаг иймэхүү л дүр харагддаг.

Нөгөө талаасаа  Халдварт өвчин судлалын төвийнхэн ч "данс” бүртгэлтэй ХДХВ/ДОХ-ын халдвар тээгч нараа хаана юу хийж байгааг нь тандаж судалдаг,  энэ талын мэдээллээ  мэргэжлийн хяналтыхантай  хуваалцдаг байвал дээр биш үү.  

Тэр хүмүүсийн ажиллах эрхийг хязгаарлах гэсэнгүй, харин хаана хэнтэй ажиллах ёстой вэ гэдэг дээр  нь хараа хяналтаа тавих учиртай биз ээ.

Г.Хан   

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.