| |
Чухал илтгэлд хэрхэн бэлдэх вэ?
Стив Жобс цаг үеийнхээ хамгийн чадварлаг илтгэгч байсан. Түүний илтгэлийн ихэнх хэсэг нь практик дээр тулгарсан бодит жишээнээс бүрдэх тул хүмүүст нөлөөлж чаддаг байв. "Apple” компани гүйцэтгэх захирал асан Жон Скалли "Стив хэлэх үгс, алхах алхаа, ярих сэдвийнхээ жагсаалт гээд бүхий л зүйлээ төлөвлөдөг байсан" гэж хэлсэн байдаг.
Харин та илтгэл тавихдаа сайн уу? Эсвэл олон хүмүүсийн өмнө гарахдаа ичиж сандарсандаа илэрхийлэх гэсэн санаагаа илэрхийлж чаддаггүй юу? Тэгвэл дараах 5 зөвлөгөөг хүлээн авна уу.
1. "10X" САЙЖРУУЛАЛТ
Сансрын нисгэгч, нисэх онгоцны нисгэгч, тэнгисийн цэргүүд анх төрөхдөө л ослын үеэр тайван байдлаа хадгалж үлдэх чадвартай төрдөггүйн адилаар бид ч мөн тодорхой хэмжээний дасгал сургуулилт хийснээр илтгэлийн үеэр тайван байж, сэтгэл хөдлөлөө хянах боломжтой. "10X"-н арга бол "Google"-ийн үүсгэн байгуулагч Ларри Пэйжээс гаралтай арга юм. Хэрэв та хүмүүст нөлөөлөхүйц илтгэл тавимаар байвал бусад илтгэгчдээсээ 10 дахин илүү бэлтгэл хийж хэрэгтэй. Жишээлбэл Жилл Болт Тейлор тайзан дээр гарахынхаа өмнө 18 минутын хугацаанд үргэлжлэх илтгэлээ нийт 200 гаруй удаа давтсан байдаг. Түүний "Мэдрэлийн цус харвалт" хэмээх сэдвээр тавьсан илтгэл нь одоогоор TED сайтад 25 сая гаруй хандалттай байна.
"10X" арга их энгийн. Та хаа нэг тийш алхаж, эсвэл хүн хүлээж байхдаа илтгэлийнхээ эхний хэдэн минутын танилцуулгыг бэлдэж болно. Харин илтгэлийнхээ гол хэсгийг тусгайлан цаг гаргаж, сайтар нухацтай бэлдэх хэрэгтэй.
2. ЭХЛЭЛ = ТӨГСГӨЛ
Эхний зөвлөгөөнд дурдсанчлан илтгэлийнхээ эхлэл хэсгийг тогтмол бэлдсэнээр бодитоор илтгэлээ тавих үед үг тань урсаад л гараад ирнэ. Бэлдсэн зүйлсээ цээжлэх биш, "ярьж" хэвшээрэй. Таны зорилго бол үг бүрийг цээжлэх биш шүү дээ.
Мөн илтгэлээ гайхалтай эхлүүлчихлээ гэж санаа амрах хэрэггүй. Илтгэлийн төгсгөл бол эхлэл шигээ л чухал ач холбогдолтой байдаг. Хүмүүс таны илтгэлийг эхнээс нь дуустал сонсож байгаа ч зөвхөн дүгнэлт хэсгээс л таны яг юуг илэрхийлж, ямар санааг өгөх гээд байна вэ гэдгийг ойлгодог. Тиймээс танилцуулга болон дүгнэлт хэсгийг "тэгсгээд" орхиж болохгүй учир анхаарлаа сайн хандуулаарай.
3. ӨӨРИЙГӨӨ СОРЬ
Америкийн зохиолч Сюзан Кейн өмнө нь олон нийтийн өмнө үг хэлэхээс айх айдастай байсан. Тэрээр анх "TED Talk"-н урилга хүлээн авахдаа үнэхээр л хэцүү сорилттой тулгарсан гэж хэлж болно. Гэвч тэрээр профессор найз дээрээ очин зөвлөгөө авч, өөрийнхөө айдастай нүүр тулгарч, сайтар бэлдсэний үр дүнд түүний интровертуудын хүчний тухай тавьсан илтгэл нь одоогоор 24 сая гаруй хандалттай болсон байна. Өнөөдөр бол тэрээр дэлхийд танигдсан алдартай илтгэгчдийн нэг.
Илтгэлээ оюун санаандаа тунгааж, амандаа олон дахин давтах нь олон нийтийн өмнө гараад ярихаас тэс өөр. Тиймээс та бэлтгэлээ "бодитоор" хийгээрэй. Өөрийгөө олны өмнө байгаа мэтээр төсөөлж, чанга дуугаар илтгэлээ тавь. Сандарч, зүрхний цохилт хурдсаж, алга хөлрөх нь сайны дохио шүү. Энэхүү үзэгдэл аяндаа үгүй болж, таны ярих гэж буй сэдэв амнаас тань өөрийн эрхгүй л гардаг болно.
4. ЯРЬСАН ЯРИАГАА ДАХИН СОНСОХ
Танд утаснаас өөр юу ч хэрэг болохгүй. Та бэлтгэлээ хийж байхдаа бичлэг хийж, эсвэл дуугаа хурааж аваад дараа нь сонсоод үзээрэй. Ингэснээр та илтгэлийнхээ яг аль хэсэгт, юун дээр алдаж байгаагаа олж, тухайн алдаагаа залруулж чадах юм.
5. САНАЛ ХҮСЭЛТ
Зохиолч Тим Феррис хамгийн анхны "TED Talk"-д илтгэл тавихаасаа өмнө огт танихгүй хүмүүст илтгэлээ тавьсан байдаг. Илтгэлийн төгсгөлд цугларсан хүмүүсээс илтгэл чухам ямархуу байсан талаар асуун зөвлөгөө авч, тухайн зөвлөгөөг өөр дээрээ хэрэгжүүлсэн. "Cisco” компанийн гүйцэтгэх захирал асан Жон Чэмберс ч үүнтэй төстэй арга ашигладаг. Тэрээр бэлтгэл хийх, багийнхаа хүмүүсийн санал хүсэлтийг сонсох зэрэгт олон цагийг зарцуулдаг байсан.
Шилдэг илтгэгчдийн прэсэнтэйшн буюу илтгэл ойлгоход хялбар, эмх замбараатай байдаг. Харин гайхалтай илтгэл бэлдэхийн тулд мэдээж тодорхой хэмжээний хүчин чармайлт шаардагдана. Хэдэн өдөр, хэдэн долоо хоногийн туршид зүгээр суучихаад нэг л орой интернет, ном зэрэг эх сурвалжуудаас баахан зүйл хуулж тавьчихаад үүнийгээ бусдын сэтгэлд хүрнэ гэж найдаагүй биз дээ? Энгийнээр хэлбэл та хэр их сэтгэл, цаг хугацаа, хөлс хүч гаргаснаас шалтгаалан таны илтгэл төдий чинээ гүйцэд боловсорно. Тиймээс хичээгээд бай, хичээгээд бай.
Эх сурвалж:www.hbr.org