|
Видео

Шинэ мэдээ

Хороон дарга нарын хуссан “ЖДҮ”-ийн зээл

Төсвийн хөрөнгөд өөрийн мэт гар дүрдэг дарга нарын балаг тасрахгүй юм. Сүүлдээ арга нь нарийсаж, хөтөлбөр зохион, түүнийгээ хэрэгжүүлэх байгууллага бий болгодог болсны ойрын жишээ нь ЖДҮХС-гийн мөнгийг санхүүгийн байгууллагаар угаасан явдал. Харьцангуй боломжтой, жижиг, дунд бизнес эрхлэх чадвартай хэсгийнх нь боломжийг албан тушаалаа ашиглан хулгайлчихдаг том дарга, түүгээр зогсохгүй иргэдийн итгэлийг хүлээн сонгогдсон парламентын гишүүд байхад, ядуу болон бага орлоготой иргэдэд чиглэсэн дэмжлэгийг хуваагаад идчихдэг хурган дарга нар ч байсаар байна.

Дэлхий нийтээрээ төсвийн хөрөнгийг их, бага иддэгээс нь хамаарч "өвсөн тэжээлтэн”, "махан идэштэн” гэж ангилдаг болсон. Манайхаар бол "махан идэштэн” нь олон нийтэд ил болсон ч хуулийн өмнө хариуцлага хүлээдэггүй цагаандаа гарсан "ЖДҮ”-чидтэй дүйцнэ. Харин "өвсөн тэжээлтэн” нь орон нутгийн төлөөлөгчөөс авхуулаад хороо хорьны засаг "ноёд” гэхэд болно.

Тэгээд аль нэг төрийн байгууллагад хөрөнгө удирдах эрх мэдэлтэй албан тушаалтнууд хамаарна. Өнгөрсөн хугацаанд ил болсон "махан идэштэн”-үүдийн булхай луйвар нэгэнт хууль хяналтынхны сейфэнд түгжигдсэн учраас энэ удаад нийслэлийн 152 хороогоор дамжин дунджаас доогуур орлоготой иргэдэд хүрэх байсан мөнгө хэрхэн алга болсон талаар мэдээлье.

ХОРООН ДАРГЫН ДЭРГЭД ЯДУУРЛЫГ БУУРУУЛАХ НЭРТЭЙ ХАДГАЛАМЖ ЗЭЭЛИЙН ХОРШОО МЭНДЭЛСЭН НЬ

Анх 2014 онд нийслэлийн ИТХ-аас Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах хөтөлбөрийг баталсан байдаг. Хөтөлбөрт тусгасны дагуу хотын дарга асан Э.Бат-Үүлийн үед нийслэл дэргэдээ Бичил бизнесийг дэмжих санг үүсгэн байгуулсан. Улмаар нийслэлийн төсөвт 15.2 тэрбум төгрөг суулгаж, дээрх хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн юм.

Нийслэлийн хороо бүрт барьцаа хөрөнгө дутмаг, бизнесийн туршлага багатай, банк, санхүүгийн үйлчилгээ авч чаддаггүй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх зорилгоор 100 тэрбум төгрөг төсөвлөсөн гэсэн үг. Үүнийг Санхүүгийн зохицуулах хорооноос дэмжин нийслэлийн засаг захиргааны хамгийн анхан шатны нэгж болох 152 хороо тус бүр дээр нэг хадгаламж зээлийн хоршоо байгуулж жилийн нэг хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн.

Харин хадгаламж зээлийн хоршоод иргэдэд сарын 1.2 хувийн буюу жилийн 14.4 хувийн хүүтэйгээр дамжуулан зээл олгосон байдаг. Хороон дарга нар ийнхүү 100 сая төгрөгийн зээлийг захиран зарцуулах эрхтэй болсон түүхтэй.

Гэвч нэг нь нөгөөгөө таньж мэддэг, ашиг сонирхол нэгтэй хүмүүс байгуулсан хадгаламж зээлийн хоршоодоор дамжсан төсвийн мөнгө өнөөдөр эргэж олдох эсэх нь эргэлзээтэй болсон байна. Хороодод түшиглэн байгуулсан хоршоодоор дамжуулан Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сангаас 152 хороонд олгосон олон тэрбум төгрөг сураг алдарсан талаар яригдах боллоо.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар хадгаламж зээлийн хоршоодоор дамжуулан олгосон зээлийн 15 тэрбум төгрөгийн 10 гаруй тэрбум нь чанаргүй зээлийн ангилалд багтжээ. Тиймээс уг сурвалжуудыг нь хайж үзэхэд, зээлийн хороон дээрээ зээл олгоход мөрддөг журмаа зөрчсөн нийтлэг тохиолдол илэрсэн байна.

Зарим хоршоо өөрийн гэсэн ажлын байргүй бөгөөд хаана үйл ажиллагаа явуулдаг нь ч тодорхойгүй учраас олддоггүй. Нөгөө хэсэг нь хорооныхоо аль нэг өрөөнд байрладаг гэх тайлбар өгч байжээ. Иймэрхүү цаасан дээр бүртгэлтэй ч амьдрал дээр бодит үйл ажиллагаа явуулдаггүй хадгаламж зээлийн хоршоод хөнгөлөлттэй нөхцөлтэй төсвийн мөнгөөр санхүүжиж, зээл гаргахдаа ах дүү, хамаатан садандаа өгсөн зөрчил удаа дараа гарсан.

Эдгээр үйлдлээ бичиг баримтын бүрдэл дутуу хийж далдалж ирсэн байна. Бүр зохион байгуулалттай хэсэг бүлэглэл албан тушаалтнуудын гараар орсон байх магадлал өндөр аж. Улмаар ЖДҮХС-гийн хөрөнгө банк бус санхүүгийн байгууллагуудын дансаар орсонтой адил мөнгө угаасан байх ч магадлалтай гэнэ.

ЖДҮХС-гаас олон тэрбум төгрөг алдагдахтай зэрэгцэн санхүүгийн зах зээл дээр олон арван банк бус санхүүгийн байгууллага мэндэлсэн шиг Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сангийн санхүүжилт хийгдэж эхлэхэд хороо бүрт нэг Хадгаламж зээлийн хоршоо байгуулах кампанит ажил өрнүүлсэн нь ийм учиртай байж мэднэ.

Арилжааны банкнаас бусад санхүүгийн зах зээлд хяналт тавьж ажилладаг Санхүүгийн зохицуулах хороонд өнөөдрийн байдлаар 270 гаруй хадгаламж зээлийн хоршоо бүртгэлтэй байгаа бөгөөд эдгээрийн тал нь Бичил бизнесийг дэмжих сангийн мөнгийг эргэлдүүлэхээр бий болсон нь тодорхой. Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах хөтөлбөр хэрэгжиж эхлэхээс өмнө ердөө зургаа нь л санхүүгийн үйл ажиллагаа эрхэлж байсан туршлагатай аж.

Иймд нийслэлийн эрх бүхий албан тушаалтнуудын хүрээнд уг сангийн үйл ажиллагааг өөрчлөн зохион байгуулж, өнгөрсөн хугацааны үйл ажиллагааг нь хууль хяналтын байгууллагаар шалгуулах асуудал яригдаж эхэлсэн байна.

2016 ОНД МУУ ҮНЭЛГЭЭ АВСАН САН ЮУНЫ УЧИР ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАВ

Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сан үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийслэлийн 150 хороонд 122 хадгаламж зээлийн хоршоогоор дамжуулан 14.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байдаг. Бүр тодруулбал, 2014 онд 939 сая төгрөгийг найман хадгаламж зээлийн хоршоонд, 2015 онд 11 тэрбум төгрөгийг 96 хоршоонд, 2016 онд 18 хоршоонд 2.3 тэрбум төгрөгийг бага орлоготой иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор олгожээ.

Харамсалтай нь, ядууст чиглэсэн хөтөлбөрийн зээл жинхэнэ эздэдээ хүрээгүй. Тиймээс 2016 онд нийслэлд шинэ удирдлага гарсан даруйдаа уг санд шалгалт оруулж байлаа. Тухайн үед Санхүүгийн зохицуулах хороо хамтран хадгаламж зээлийн хоршоодын зээлийн хорооны үйл ажиллагаа, зээлийн ангилалд шалгалт хийсэн.

Шалгалтаар сангийн үйл ажиллагааг даган байгуулагдсан хадгаламж зээлийн хоршоодын 80 гаруй нь дунджаас доогуур үнэлгээ авч байсан юм. Улмаар нийслэлийн шинэ удирдлагууд бичил бизнес эрхлэгчдийн төслийг санхүүжүүлж чадахаа болиод хөрөнгөө татаж эхэллээ гэх мэдээлэл цацагдаад намжсан. Гэвч 2017 онд дахин 300 орчим сая төгрөгийн санхүүжилтийг Бичил бизнесийг дэмжих нийслэлийн санд хийсэн гэдэг мэдээлэл байгаа юм.

Албаныхны хэлж буйгаар уг сангаас зээл авсан иргэд амьжиргаатайгаа залгасан тохиолдол хамгийн багадаа 2000 орчим ажлын байр бий болох боломжтой байсан гэдэг. Энэ хэрээр бага дунд орлоготой иргэдийн амьжиргаа сайжирч, төрийн нуруун дээр ирэх ачаа төдий чинээгээр буурах байжээ. Хэрэв дээрх 15 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг жинхэнэ эзэндээ очсон бол тэд авсан зээлээ эргэн төлөх чадвартайн дээр амьдралаа авч явах ажлын байртай болох байсныг үгүйсгэх аргагүй.

Гэвч хороон дарга нар нь дэргэдээ хадгаламж зээлийн хоршоо байгуулчихсан учраас эзэндээ очоогүй юм байна. Уг нь Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр бол бага орлоготой иргэдийг ажлын байртай болгох зорилготой ашгийн бус арга хэмжээ байсан юм.

Түүнчлэн төр, хадгаламж зээлийн хоршоо хоёр "нэг хөнжил”-д орсноор сайн зүйл дуулгасан тохиолдолд манайд байдаггүй. Хадгаламж зээлийн хоршоодын үйл ажиллагаанд төр хөндлөнгөөс оролцох бүрт иргэд их хэмжээний хөрөнгөөрөө хохирч, харин эрх мэдэл албан тушаалтай хэдэн нөхдүүд сиймхийгээр нь хожсон хар түүх хангалттай бий.

ЭХ СУРВАЛЖ: Д.ДОРЖ, ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler