|
Видео

Шинэ мэдээ

“Улаан өндөгний баяр”-тай давхацсан ЦУСТ ХАЛДЛАГА

Шри Ланк улсад цуврал халдлага болж, олон иргэн харамсалтайгаар амиа алдаад байна. Энэ талаар www.dailymail.co.uk сайт мэдээллээ. 

 

Христийн шашинтнуудын өргөнөөр тэмдэглэдэг "Улаан өндөгний баяр” өчигдөр тохиож, дэлхий даяараа тэмдэглэн өнгөрүүллээ. Тэгвэл энэхүү баярын үеэр Шри Ланк улсад цуст халдлага ар араасаа болж, хормын төдийд тус улсыг уйтгар гуниг, айдас түгшүүр бүрхэн авав.

 Сайтар бэлтгэгдсэн террористууд Шри Ланкт өчигдөр нийт найман халдлага үйлдсэн ба эхний зургаан халдлагыг Улаан өндөгний баяр тэмдэглэж байсан гурван сүм, гурван зочид буудалд халджээ. 

Долоо дахь нь арлын эргийн хэсэгт, найм дахь нийслэл Коломбо хотын тансаг зэрэглэлийн орон сууцны хороололд болсон байна. 

"Цуврал халдлагаар амиа алдагсдын тоо хэдийнэ 290-д хүрсэн” гэж тус улсын Засгийн газраас уламжлав. Эмнэлэгт хүргэгдээд буй иргэдийг тоо 1000-д хүрчээ

Террористууд нийслэл Коломбо, Негомбо, Баттикалоа хот дахь гурван христийн сүм,  жуулчдын хамгийн их үйлчлүүлдэг "Шангри-Ла”, "Синнамон Гранд”, "Кингсбюри” гэх зочид буудлыг гол байгаа болгосон байна. 

Дээрх зочид буудалд амиа золиослогч этгээд "Си-4” гэх цэргийн зориулалттай тэсрэх бөмбөг ашигласан байж болзошгүй гэж шинжээчид мэдэгдэв. 

Шри Ланкийн Гадаад хэргийн яам "Халдлагаар 36 орны иргэн амиа алдсан” гэж мэдэгдэв 

Цуст халдлагаар Британийн таван иргэн, Данийн гурван иргэн, Португалын нэг иргэн, Энэтхэгийг гурван иргэн, Туркийн хоёр иргэн, Нидерландын нэг иргэн болон Японы нэг иргэн амиа алдсан харъяа Элчин сайдын яам, консулууд нь мэдэгдэж, Шри Ланк дахь иргэдээ сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан байна. 

 

"Халдлагын гол бай зөвхөн жуулчид биш тус улсад ажиллаж, амьдардаг гадаадын иргэд байсан” гэж Цагдаагийн газраас мэдэгдэв. "Амиа алдаад буй Туркийн иргэд Шри Ланкийн нэгэн компанип инженерээр ажилладаг байсан” гэж Туркийн  Анадолу агентлаг уламжилжээ. 

Цагдаагийнхан уг халдлагатай холбогдуулан 13 этгээдийг баривчилж, мэдүүлэг авч эхэлжээ. 

Эрх баригчид орон даяар ОНЦ БАЙДАЛ зарлаж, армийнхан нийслэл хот болон христийн сүм, томоохон зочид буудлуудыг хамгаалалтад авч, олон нийтийн сүлжээ, мессенжерүүдийг хааж, 24 цагийн хугцаанд хөл хорио тогтоосон байна. 

Тус улсын Ерөнхий сайд Ранил Викрамасингхе хэвлэлийн хурлын үеэр "Үнэхээр цочирдож бас шаналж байна. Өнөөдөр үнэхээр харамсалтай үйл явдал ар араасаа боллоо. Бидний нэн тэргүүний ажил бол дахин халдлага гарахаас урьдчилан сэргийлж, гэмт этгээдүүдийг баривчлах, хуулийн дагуу шийтгэх явдал” гэж мэдэгджээ. 

Халдлагатай холбогдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Шри Ланкийн ард түмэнд хандан эмгэнэл илэрхийлэн, эрх баригчдыг нэн даруй ард түмнийхээ аюулгүй байдалд дээд зэргээр анхаарахыг уриалжээ. 

Халдлагаар Британийн иргэд амиа алдсан явдалд тус улсын Ерөнхий сайд Тереза Мэй харамслаа илэрхийлэн "Их Британи,Шри Ланк улсын уй гашууг хуваалцаж байна” гэж мэдэгдэв. 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудастаа "Аймшигт террорист халдлага. Чин сэтгэлээсээ эмгэнэл илэрхийлье” гэж жиргэжээ.

Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн "Цуст халдлага дахин гарахаас олон улс урьдчилан сэргийлж, ихээхэн анхаарал хандуулах учиртай. Бид бүх цаг үед сонор сэрэмжтэй байхгүй тэд сэмхийг алдахгүй” гэлээ.  Шинэ Зеландад өнгөрөгч сард түүхэндээ анх удаагаа террорист халдлага болж, 50 хүн амиа алджээ. 

2009 онд Шри Ланкт 26 жил үргэлжилсэн иргэний дайн дуусгавар болсон юм. Иргэний дайны үеэр ойролцоогоор 70-80 мянган хүн амиа алдсан хэмээдэг.  Иргэний дайнаас хагацсан арван жилийн хугацаанд Шри Ланкт ийм олон хүний аминд хүрсэн аймшигт халдлага тохиогоогүй билээ. 

Шри Ланкийн иргэдийн 70 хувь буддын шашин шүтдэг ба албан ёсны шашин болохыг үндсэн хуульд нь заасан байдаг. Харин 13 хувь нь исламын шүтдэг бол 7 хувийг христийн шашин шүтдэг аж.   

2012 оны судалгаагаар тус улсад 1.5 сая христийн шашин шүтдэг, 200 гаруй сүм үйл ажиллагаагаа явуулж байна. 

Шри Ланкад шашны цөөнхийн эсрэг хүчирхийллийг "Боду Бала Сена” гэгддэг Буддистуудын бүлэглэл үйлдэх нь бий. Тус бүлэглэл өнгөрөгч 2018 оны гуравдугаар сард исламын шашинтнуудын эзэмшлийн дэлгүүр дөрвөн сүм, 37 байшин, 46 дэлгүүр, 35 тээврийн хэрэгслийг нь шатааж, 24 настай исламын шашинтай залууг онц хэрцгийгээр хөнөөж байв. Уг үйл явдалтай холбогдуулан эрх баригчид онц байдал зарлаж байсан удаатай.

"Боду Бала Сена” бүлэглэл 2013, 2014 онд Шри Ланк дахь "бүх ислам, христийн шашинтнуудыг хүйс тэмтрэх”-ээ мэдэгдсэн юм.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler