|
Видео

Шинэ мэдээ

Монгол үгүйлсэн “Үндэсний хуримтлал”

Хөгжлөөрөө дэлхийн тэргүүлэгч БНХАУ-ын Засгийн газраас хэрэглээнд тулгуурласан эдийн засаг­тай болохыг зорьж байгаа ч Хята­дын ард түмэн зарцуулж, хэрэглэхээс хуримтлуулахыг илүүд үздэг байна.  Яагаад гэвэл Хятадын дундаж давхаргын иргэд "Засгийн газрын урт хугацааны бодлогод итгэл муутай байдаг. Ирээдүйгээ баталгаатай болгохын тулд аль болох ихийг хуримтлуулдаг” гэжээ. Үүнийг "Үндэсний хуримтлал” гэдэг.Үндэсний хуримтлалд Засгийн газар, бизнес, өрхийн болон хувь хүний хадгаламж/ /хувийн хуримтлал/ цөм багтана. Харин урд хөршийн хувийн хуримтлал Засгийн газар, бизнесийнхнээс илүү гарсан байдаг аж. Хятадын дундаж өрх орлогынхоо 30 хувийг хуримтлуулдаг нь дэлхийд хамгийн өндөр үзүүлэлт юм. Үүний ганц сул тал нь эдийн засгийн өсөлт өндөр хятад улсад хэрэглээ ДНБ-ий зөвхөн 35 хувийг бүрдүүлдэгт оршиж буй. Тэгвэл Америкийн дундаж өрх орлогынхоо 5-6 хувийг хуримтлуулж, хэрэглээ ДНБ-ий 75  хувийг бүрдүүлдэг байна. Үндэсний хуримтлалын хэм­жээгээр Хятад нь Америкийг хэдийнэ ардаа орхисон. Хятадад үндэсний хуримтлалын хэмжээ 2013 оны байдлаар ДНБ-ий 51 хувьтай тэнцэж байхад байхад Америкт 17 хувь байна. Хятадууд тэтгэвэрт гарсны дараа амьдралаа баталгаатай байлгах, өөрийн ганц хүүхэддээ ачаа болохгүйн тулд тэтгэврийн хуримтлал үүсгэдэг. Шинэ үеийн орлого өндөртэй  хятадуудын хэрэглээ хурдтай өсч байгаа ч хуримтлалын хэмжээ бүр ч илүү хурдтай өсч байгаа аж. Харин Япон, БНСУ өндөр өсөлтийн жилүүдэд иргэдийнх нь хуримтлал нэмэгдэж байжээ. Өрхийн орлого өсөхөд дагаад зарлага өсдөг ч ирээдүйгээ хардаг, хуримтлалын зуршилтай өрхийн хуримтлал нь нэмэгдэж зарлага нь тийм ч их өсдөггүй байна.  Харин бид яадаг вэ. Хуримтлал үүсгэх зуршилгүй  учраас их орлого олсон үедээ зарлагаа өсгөдөг. Тиймээс ч эдийн засаг хүндэрсэн үед төр, засгаа бууруутгаж, өөрсдийгөө өмгөөлөн суудаг. Монгол улсын нэг өрх сард зайлшгүй хэрэглээ буюу хүнсний бүтээгдэхүүнд 289 мянган төгрөг зарцуулдаг. Мөн хүнсний бус хэрэглээ буюу цахилгаан, нийтийн тээвэр зэрэг нь 685.7 мянган төгрөгийн өртөгтэй байдаг аж. Харин тэвчиж болох зардалд 123 орчим мянган төгрөг үрдэг болохыг судалгаа харуулжээ.  Өөрөөр хэлбэл, өрхийн нийт зарлага 1134 мянган төгрөг байгаа бол орлого нь 1207 мянган төгрөг байна. Улмаар 73 мянга нэг зуун төгрөгийг сар болгон хадгалах цэвэр нөөц  боломж байгаа юм. Энэ нь нэг өрхийн сарын орлогын ердөө зургаан хувь гэсэн үг. Гэтэл орлого өсөхийн хэрээр хэрэглээ өсөх хандлага Монголд илүү ажиглагдаж байна.

 

Зарцуулах уу, хуримтлуулах уу

 

Хуримтлал гэж юу вэ. Өнөөдөр үнийн дарамтаас болоод хадгалж хуримтлуулж чадахгүй байна гэж хүмүүс их ярьдаг. Үүнд төр, засаг буруутай ч гэдэг. Гэтэл бидний мэдэх хятад, солонгосчууд төр засгаа буруутгахын оронд ирээдүйдээ эзэн болж зарцуулахаас хадгалахыг илүүд үзэж залуугаасаа л хуримтлалыг зуршил болгосон талаар дээр дурдсан. Энэ зуршлыг бид дээрээсээ доороо хүртэл уриалдаг ч мөрөөдөл хэвээр л байна. Эдийн засаг сайжирч нэг ёсны амьдрал сайжраад ирэхэд ч хятад, солонгосчууд зарлагаа багахан нэмээд үлдсэн мөнгөө хуримтлуулсаар л... Тэд л жинхэнэ хувь заяаныхаа эзэн нь байж чадаж байна. Харин бид.

Америкчууд бидний адил мөнгө үрэгчид. Шинэ байр, машин, боловсролд хөрөнгө оруулахын тулд өр зээл тавьдаг. Энгийн худалдаагаас  ч зээлийн картаар хийдэг. Засгийн газар ч иргэдийнхээ хэрэглээг өөг­шүүлдэг. Жорж Буш Ерөнхийлөгч байхад америкчууд эх орондоо хийх хамгийн сайн зүйл нь худалдаа хийх гэжээ. Эдийн засагчид, салбарын экспертүүдийн үзэж буйгаар америк­чууд хэрэглээний зуршлаа өөрчлөхгүй бол удахгүй тэтгэврийн хямралд өртөх аж. Принстоны их сургуулийн түүхийн ухааны профессор "Дунд­жаас доогуур: Яагаад бүх дэлхий хуримтлуулж байхад Америкчууд үрдэг вэ” номын зохиолч  Шэлдон Гарон 2008 оны хямралын дараа ч америк өрхүүд хэрэглээний зуршлаа өөрчлөөгүй бөгөөд өрхийн хуримтлалын түвшин таван хувиас ердөө 5.5 хувьд л хүрснийг дурджээ. Эдийн засгийн чадавх, хуримтлалын түвшин хоорондоо холбоотой. Санхүүгийн хямралын өмнө 1.5 байсан хуримтлалын түвшин хямралын үед 5.5 болж байдал намжингуут 2011 онд 4.2, 2012 онд 3.9, 2013 онд 2.6 хувь хүртэл буурсан.  Хямралын үеэр хуримтлуулах нь байгалийн хууль бөгөөд ирээдүйд яаж ч магадгүй гэсэн айдастай байсан учраас мөнгөө хуримтлуулжээ. 

 

Хадгалахын ач тус

 

Америкчууд хадгалахаа больжээ.Статистик мэдээллээр 2007-2008 оны санхүүгийн хямралын үед америкчуудын 75 хувь нь зургаан сарынхаа хэрэглээний зардлыг хуримтлуулаагүй ажилгүйдэл, гэнэтийн зүйл тулгарахад санхүүгийн ямар ч бэлтгэлгүй байжээ. Хүн амын насжилтыг тооцоолоход 2030 онд өрхийн хуримтлалын түвшин гурван хувь хүртэл буурах төлөвтэй байна.  Хөдөлмөр эрхлэх насандаа хуримтлуулаагүй бол тэтгэврийн насанд хүрэхэд ажиллах жилээ сунгах эсвэл амьдралын доод түвшнээр мөнгөгүй амьдрах гэсэн хоёр сонголттой тулгардаг. Бизнесийнхэн илүү мөнгөө бизнестээ эргэлдүүлдэг. Хуримтлуулахгүй бол шинэ бизнест хөрөнгө оруулалт буурч эдийн засгийн өсөлт удааширна эсвэл гадны хөрөнгө оруулалт нэмэгдэж эдийн засгийн тогтвортой байдал муудаж ам.долларын ханшид нөлөөлнө. Бодлого тодорхойлогчид хадгаламж, хуримтлалыг хувь хүний урт хугацааны санхүүгийн баталгаат байдал, үндэсний урт хугацааны эдийн засгийн хөгжил цэцэглэлт гэж харах нь зүйтэй.  Гэвч бодит байдал дээр засгийн газар богино хугацаанд харж төлөвлөж, хэрэглээг дэмжих, татварын хуулийг шинэчлэх, алдагдлыг бууруулахад анхаарч ажиллаж байна. АНУ хөрөнгө оруулалт ДНБ-ий 20-25 хувьтай тэнцэх нь сайн үзүүлэлт мэт харагдавч ихэвчлэн гаднын хөрөнгө оруулагчдаас авсан зээл байдаг. Тиймээс урсгал дансны алдагдлыг улам томруулдаг.  Өрхийн хуримтлалын түвшин өсөхгүй энэ хэвээр байвал гадны хөрөнгө оруулалт, зээлд найдаж капиталийн үнийн өсөлт, валютын хэлбэлзэл улам л нэмэгдэнэ. Гадаад зээлээс хараат бус болохын тулд өрхийн хуримтлалын түвшин 1-5 пунктээр өсч, ДНБ-ий 5-9 хувьтай тэнцэх шаардлагатай байна.

 

Сайн жишээ

 

Өнгөрсөн 20 гаруй жил Австрали улс ажил эрхлэгчдээс албан журмын хадгаламж буюу тэтгэврийн хурим­тлалыг хуримтлуулж иржээ. 2012 он хүртэл цалингийн 3-9 хувь байсан бол одоо 12 хувь байгаа. 1992 онд тэтгэврийн сан шинэчлэгдсэнээр ДНБ-ий 30 хувьтай тэнцдэг байсан тэтгэврийн сангийн нийт хөрөнгө 2013 онд ДНБ-ий 100 хувьтай тэнцсэн гэх үлгэр жишээ тогтоолцоог тус улсын Засгийн газр бүтээжээ. Гэвч тэтгэврийн хуримтлалыг эхлүүлснээр хэрэглээ хасагдана гэж тооцоолсон ч иргэд нь хэрэглээгээ хасалгүй хуримтлалаа ч бүрдүүлж, санхүүгийн хэрэгцээгээ зээлээр нөхдөг байна. Мөн сайн жишээгээр Европын холбооны улсдуудыг дурдаж болох юм. Энэ бүсэд тогтвортой санхүүгийн тод жишээ биш ч европын орнуудын өрхийн хадгаламжийн түвшин 7-8 хувьд байдаг аж. Европын томоохон орнуудын хувийн хадгаламжийн түвшин сүүлийн 30 жилийн турш 10 гаруй хувьтай байгаа. Франц 12.3, Герман 10.5, Швед 10 хувь байна. Германд орон сууцны зээл маш хатуу бөгөөд хэрэглээний зээл гэж байдаггүй учраас иргэд нь том худалдан авалтдаа зориулж мөнгөө хуримтлуулахаас өөр аргагүй гэнэ. Үүнээс харахад, Европын орнууд нь иргэдээ өрийн дарамтад оруулахгүй байхаар банк, санхүүгийн бодлогоо гаргажээ. Харин Америкт кредит картын хэрэглээ нэмэгдсэнээр нь иргэд орлогоо давуулан зарцуулах болжээ. Энэ бүхнийг харьцуулан харахад ҮНДЭСНИЙ ХУРИМТЛАЛ хамгийн зөв сонголт байдаг бөгөөд монголчууд ч хуримтлал үүсгэх шаардлагатай тулгарчээ.

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler