![]() |
ХОТГҮЙ хотын дарга
Өнгөрөгч долоо хоногт Засгийн газрын хуралдаан болж, уг хуралдаанаар Зам, тээврийн хөгжлийн сайд асан Л.Халтарыг Шинэ Хархорум хотын захирагчаар томилжээ.
Ямартай ч ийнхүү хотгүй хотын дарга маань ажилдаа орлоо. Чухам хаана очиж ямар ажил хийхийг одоогийн байдлаар таах аргагүй. Шинэ Хархорум хот бол яриа төдий, цаасан дээр зураг төсөл нь халтар хултар буусан л зүйл гэдгийг салбарынхан ярьдаг. Ер нь бол төсөв хөрөнгө ч хаа явааг үл мэдэх шинэ хотын сураг гараад удаж байна.
Гэхдээ шинэ хот байгуулахад хууль, эрх зүйн талаасаа асуудалгүй болсон. Эхнээс нь хөөвөл өдгөөгөөс хорь гаруй жилийн өмнө Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Хархорум хотыг байгуулах тухай хоосон мөрөөдлөө ярьж, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг жаалж явах үед “Хархорин сумын Засаг даргаар томилуулж өгөөч” хэмээн гуйж байсан түүхтэй.
Үүнийг Н.Энхбаяр өөрөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж байсныг хүмүүс мэднэ байх. Мэдээж хэрэг, Хархорум хотыг сэргээн босгох нь түүх, өв соёл талаасаа ч тэр, Улаанбаатар хотын агаар орчны бохирдол, төвлөрлийг сааруулах талаасаа ч тэр онцгой ач холбогдолтой зүйл. Нөгөө талаар Хархорум бол Монголын эзэнт гүрний эртний нийслэл хот байсан.
Тэгвэл 2022 оны арванхоёрдугаар сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргаж, албажуулсан. Үүний дараа Монгол Улсын сайд Н.Учрал, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь нар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Ингэснээр УИХ-аас холбогдох хууль, тогтоолуудыг баталж, тус хотыг сэргээн байгуулах эрх зүйн боломж бүрдсэн юм. Одоо бол ямартаа ч хууль эрх зүйн орчин бүрдсэн гэж болно. Гагцхүү төсөв хөрөнгө хаа явааг тодорхой болгож байж хот байгуулах тухай ярих учиртай.
УИХ-ын тогтоолоор Монгол Улсын урт хугацааны хөгжлийн зорилтод нийцүүлэн хүн амын суурьшлын зохистой тогтолцоог бүрдүүлэх, хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах, түүх, соёл, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Орхоны хөндийд шинэ Хархорум хотыг байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд УИХ-ын даргын 2024 оны 12 тоот захирамжаар уг тогтоолын хэрэгжилтийг хангуулах, бүтээн байгуулалтыг дэмжих чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан билээ. Одоогоор Орхоны хөндийд шинэ Хархорум хот байгуулах зориулалтаар Архангай болон Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрийн нийт 189.363 га газрыг улсын тусгай хэрэгцээд авч, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, зам тээвэр, эрчим хүч, инженерийн дэд бүтцийн хангамж, болон бусад бүтээн байгуулалтуудыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг үе шаттайгаар боловсруулж, хот төлөвлөлтөд иргэд, олон нийт, эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтнүүдийн санал, зөвлөмжийг тусгаад байгаа. Монгол орны төв хэсэгт үндэсний соёл иргэншлийн онцлогийг тээсэн, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангасан, сэргээгдэх эрчим хүч, ухаалаг тээврийн хэрэгслийн шийдэл бүхий иргэндээ ээлтэй хотыг байгуулахын тулд бүтээн байгуулалт, хөгжлийн асуудлыг дэмжихтэй холбоотой эрх зүйн нарийвчилсан зохицуулалт шаардлагатай гэж хууль санаачлагчид үзсэн. Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төсөл нь нийт найман бүлэг, 38 зүйлтэй бөгөөд бүс нутгийн хөгжлийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангаж, түүх, соёлын өвийг сэргээх, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, оршин суугчдын ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд үндсэн зорилго нь оршино гэдгийг дуулгасан.
ХАРХОРУМ ХОТЫН ТӨСӨВ ХӨРӨНГӨ
Өнгөрөгч 2024 оны төсөвт “Шинэ Хархорум” хотыг байгуулах судалгаа, ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах санхүүжилтэд 30 тэрбум төгрөг төсөвлөж хот төлөвлөлтийн зураг төслийг шалгаруулсан байдаг. Тэгвэл 2025 оноос эхлэн Шинэ Харихорумыг төв цэгээс эхлэн барьж эхэлнэ хэмээн мэдээлсэн. Гэвч энэ жилийн төсөвт шинэ хот байгуулахад нэн тэргүүнд шаардагдах хурдны зам, цахилгаан эрчим хүчинд мөнгө төсөвлөсөнгүй мөртлөө "Төв цэгийг эхэлж барина" хэмээсэн нь хуудуутай санагдах байх. Инженерүүдийн хэлж байгаагаар хот байгуулахдаа эхлээд дэд бүтцийг шийдэх буюу хурдны зам тавих, хурдан галт тэрэг тавих, авто замыг хийх ёстой. Гэвч энэ жил эхлэх Шинэ Хархорумын бүтээн байгуулалтад эдгээр дэд бүтцийн ажилд нэг ч төгрөг тавигдаагүй нь ажил эхэлнэ гэхэд ихээхэн эргэлзээтэй. Мөн Хотын төв цэгийг товлон өнгөрсөн оны есдүгээр сард геодезийн тэмдэг тавьсан бөгөөд төв цэгээс эхлэн бусад төлөвлөлтүүдээ хийнэ хэмээн мэдээлсэн. Мөн Олон улсын зэрэглэлийн нисэх буудлыг хотын төвөөс 50 километрын дотор байгуулах төлөвлөгөө ч ярьсан. Мөнх хааны үед Хархорум хотын суу алдар дэлхий даяар түгэн мандсан түүхтэй тул нисэх буудлыг “Мөнх хаан” гэж нэрэлнэ хэмээн барин тавин ярьсан.
Хөшигийн хөндий дэх Чингис хаан нисэх буудал зургаан гарцтай бол “Мөнх хаан” нисэх буудал 18 гарцтайгаар төлөвлөсөн бөгөөд Шинэ Хархорумд байгуулах нисэх буудлын ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах нэг тэрбум төгрөгийн тендер зарлаад байсан. Яах вэ, энэ жилийн төсвийг харвал Шинэ Хархорум хотын эхний ээлжийн барилгажилтын төсөл, инженерийн бэлтгэл арга хэмжээ, нэвтрэх хонгилын систем, хоёрдугаар ээлжийн инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлын зөвхөн зураг төсөлд 30 тэрбум төгрөгийн төсвийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын багцад тавьжээ.
ХАРХОРУМ ХОТТОЙ ХОЛБОГДОХ ЗАРЛАГДСАН ТЕНДЕРҮҮД
Шинэ Хархорум хотод одоогоор нийт зургаан төрлийн тендер зарлаад байгаа. Тодруулбал, Шинэ Хархорум хотын хүн амын унд, ахуйн зориулалттай газрын доорх усны эх үүсвэрийн эрэл хайгуулын судалгаа хийхэд 5.7 тэрбум төгрөг, хотын эхний ээлжийн авто зам, замын байгууламжийн ажлын зураг төсөл боловсруулахад 2.1 тэрбум төгрөг, хотын байр зүйн зураг зохиох, ортофото зураг үүсгэхэд 3.7 тэрбум төгрөг, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад шаардагдах байр зүйн зураг зохиох эхний ээлжийн ажилд 2.1 тэрбум төгрөг, хотын байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийхэд нэг тэрбум төгрөг, хотод байгуулах нисэх буудлын ТЭЗҮ, зураг төсөл нэг тэрбум, зэрэг зургаан тендер зарлагдаад байгаа.
ХОТГҮЙ ХОТЫН ДАРГА Л.ХАЛТАР ГЭГЧ ХЭН БЭ
Л.Халтар нь 1965 онд Ховд аймгийн Дарви суманд төрсөн. Төмөр замын салбарт 27 жил ажиллаж байгаа зам тээврийн мэргэжлийн хүн юм. Тэрбээр 2017 онд У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсаны дараа түүнийг Зам тээвэр, хөгжлийн дэд сайд, 2020 онд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Зам тээврийн хөгжлийн сайдаар тус тус томилогдон ажиллаж байсан. Л.Халтар 1983 онд Нийслэлийн 28 дугаар дунд сургууль, 1990 онд ОХУ-ын Санкт-Петербургийн Зам харилцааны их сургуулийг Төмөр замын ашиглалтын инженер, 1993 онд Удирдлагын хөгжлийн институтийг Бизнесийн менежер, 1999 онд Эрхүү хотод Зам харилцааны их сургуульд докторын зэрэг хамгаалсан. Ажлын туршлагын хувьд 1983 оноос Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт ачигчаар ажлынхаа гарааг эхлүүлж, 1990 оноос Улаанбаатар төмөр замын техникумд инженер, багш, 1992 оноос Улаанбаатар төмөр замын Ачиж буулгах ангийн орлогч дарга, 1993 оноос Улаанбаатар төмөр замын Олон улсын тээвэр зуучлалын төвийн захирал, 2006 оноос Улаанбаатар төмөр замын Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга, 2015 оноос Улаанбаатар төмөр замын Хөрөнгө оруулалт, нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга, 2017 оноос Улаанбаатар төмөр замын Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга, 2018 оноос Зам тээвэр хөгжлийн дэд сайд, 2019 оноос Зам тээвэр хөгжлийн сайдаар ажиллаж байсан салбарын туршлагатай хүн. Үүнээс гадна түүнийг салбартаа нэр хүндтэй туршлага бүхий хүн гэж үздэг. Гагцхүү Зам тээврийн хөгжлийн дэд сайд, сайдаар ажиллаж байхдаа Дарханы замтай холбоотой мэдээллийн хэрэгслээр баалуулж байсан нь цөөнгүй.
Энэ үеэр “Л.Халтар сайд Дарханы замын ажлаа дуусгаагүй байж Хэнтий аймгийн долоон сумыг хатуу хучилттай замаар холбоно гэнэ. Сайд гуай эхлээд там болсон Дарханы замаа ашиглалтад оруулна уу” гэх мэтээр шүүмжлэлд өртөж байв. Ингэхдээ “Зам тээврийн хөгжлийн сайд маань Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд тал засаж, Хэнтий аймгийн долоон сумыг хатуу хучилттай замаар холбох юм гэнэ” гэх мэтээр ч шүүмжлүүлж байсан. Тухайн үед Дарханы замын асуудлаас болж тус аямны газар, хэлстийн дарга нар баривчлагдан хоригдож байхад мань эр уснаас хуурай гарчихсан гэхээр хууль зөрчөөд байдаггүй бололтой.
https://news.zindaa.mn/517p
