| |
Судалгаа: Толгой ажиллуулсан ажил хийвэл зөнөхөөс сэргийлнэ
Ясны сийрэгжилтээс сэргийлэхийн тулд дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй гэдэг тэгвэл тархиа сайн ажиллуулах нь зөнөх өвчнөөс сэргийлж магадгүй гэдгийг шинэ судалгаа харуулжээ.
Лхагва гарагт “Neurology” анагаах ухааны сэтгүүлд нийтлэгдсэн судалгаа 7 мянга гаруй Норвеги иргэдийн 30-60 нас хүртэлх эрүүл мэнд, ажлын байрны тухай мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн байна.
Ингээд судалж үзэхэд зуршил болсон нэгэн хэмнэлтэй буюу толгой бага ажиллуулдаг мэргэжлээр 30-60 насандаа ажиллах нь 70 наснаас хойш сэтгэн бодох чадвар дунд бага зэрэг буурах эрсдэлийг 66 хувиар, зөнөх өвчин тусах магадлалыг 37 хувиар нэмэгдүүлдэг аж.
Судалгааг ахалж бичсэн Ослогийн их сургуулийн эмнэлгийн судлаач, доктор Трин Эдвин “Бид илрүүлсэн үр дүн нь хөгшрөх үед ой санамж, сэтгэхүйн чадвараа хадгалж үлдэхийн тулд илүү нарийн төвөгтэй сэтгэлгээ шаарддаг ажил, мэргэжилтэй байх нь тус болдгийг харуулж байна. Ажил нь сэтгэн бодох чадварын эрүүл ахуйд дэмжихэд маш чухал” гэжээ.
Сургуульд сурч өнгөрөөсөн жилүүд нь нэг хэвийн ажлын үзүүлэх нөлөөг саармагжуулахад тусалдаг гэдгийг тэд мөн илрүүлсэн байна. Тухайлбал коллежид суралцах нь нэг хэвийн ажлын үзүүлэх нөлөөг 60 гаруй хувиар бууруулсан аж.
Тус судалгааны талаар Флорида дахь Мэдрэлийн доройтлын өвчний хүрээлэнгийн судалгаа хариуцсан захирал Ричард Исааксон “Идэвхтэй амьдарч, утга учрын мэдрэмжээ хадгалж, шинэ зүйлсэд суралцан, нийгмийн идэвхтэй амьдрах нь нас ахих тусам оюун ухааны доройтлоос хамгаална” гэжээ.
Исааксон нэмж “Үүнтэй адил ажил дээрээ толгойгоо сайн ажиллуулах нь оюун ухааны доройтолтой тэмцэхэд ихээхэн ач тустай болохыг харуулж байна” хэмээсэн юм.
Эх сурвалж: CNN