|
Видео

Шинэ мэдээ

У.Хүрэлсүхийн анхны хоригийг Ардын намынхан хүлээж авах уу

У.Хүрэлсүхийн анхны хоригийг Ардын намынхан хүлээж авах уу

 

Ихээхэн эсэргүүцэл, шүүмжлэл дагуулж буй Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүхэлд нь хориг тавьж буйг Төрийн тэргүүний хэвлэлийн төлөөлөгч өнгөрсөн баасан гарагт цахимаар "мэдэгдэв”. Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр албан ёсоор мэдээлэл хийнэ гэдгийг ч тэрбээр дуулгалаа. Энэ нь У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хойших нэг жил долоон сарын хугацаанд тавьж буй анхны хориг болно.

Үнэндээ Ерөнхийлөгч хориг тавихгүй л бол "муухай” харагдах уур амьсгал нийгэмд давамгайлж буй тул тэрбээр "боломж”-ийг ашиглах нь зүйн хэрэг. Хүний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалахын төлөө тууштай үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд, активистуудын хүчтэй эсэргүүцэл, гадаад, дотоод гэлтгүй иргэд, олон нийтийн дургүйцэл өнөө хэр тасарсангүй. Тухайлбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн оны есдүгээр сарын 20-нд "Мета” компанийн Ази, Монгол, Хятадыг хариуцсан захирал Жорж Чентэй уулзах үеэрээ Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн талаар санал солилцож, хамтран ажиллахаар болсон гэж "жиргэсэн” нь бас л хэл амны бай болов. Түүний "жиргээ”-г Жорж Чен тэр дор нь цахимаар үгүйсгэж, тус хуулийг батлахад "Мета” компани ямар нэгэн оролцоогүй болохыг тодотгохын сацуу Ерөнхийлөгчийн хоригт талархаж буйгаа илэрхийлээд амжсан юм. Ердөө хоёр хоногт баталсан эл хуулийг иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, эвлэлдэн нэгдэх зэрэг Үндсэн хуулиар олгосон эрхүүдийг зөрчих өндөр эрсдэлтэйгээс гадна цахим орчин дахь мэдээлэлд хяналт тавих нэрээр улстөрчид, нийтийн албан тушаалтнууд, төрийн байгууллагууд иргэдэд цензур тавьж, улмаар улс төрийн зорилгоор ашиглах магадлалтай, төслийг нь санаачлан боловсруулахаас авхуулаад батлах хүртэл Хууль тогтоомжийн тухай хуулийг мөрдөөгүй, иргэд, олон нийтийн саналыг авч тусгаагүй, хангалттай хэлэлцүүлэг зохион байгуулаагүй хэмээн шүүмжилж буй бөгөөд Ерөнхийлөгчөөс хориг тавихыг хүссэн хүн, хуулийн этгээд цөөнгүй байсны нэг нь "Цогц хөгжлийн үндэсний төв” ТББ. Тэд хориг тавихыг хүссэн өргөдлөө цахимаар гаргах платформ ажиллуулж буй бөгөөд өчигдрийн байдлаар 7167 хүн Төрийн тэргүүнд өргөдөл илгээн, тэдний санаачилгад нэгджээ.

Тэгээд ч хоригийг нь хүлээж авах, Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль цаашид үйлчлэх, эсэхийг УИХ шийдэх тул Төрийн тэргүүн "Би чадах бүхнээ хийсэн” гээд сууж байхаа мэдэж буй биз. Үнэхээр ч хоригийг хүлээж авах, эсэх нь хууль тогтоогчдын л бүрэн эрх. Тодруулбал, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45.6-д зааснаар тухайн хоригийг хүлээж авах, эсэхийг шийдвэрлэх нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүний гуравны хоёр нь дэмжээгүй бол тухайн хууль, тогтоол хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ. УИХ-ын чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хуралдаанд гишүүдийн олонх буюу 39 нь ирснээр ирцийг хүчинтэйд тооцож буй. Өөрөөр хэлбэл, хамгийн багадаа 26 гишүүний саналаар хоригийг хүлээж авахгүй байх хуулийн боломж бий. Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг батлахад 39 гишүүн дэмжиж, 12 нь дэмжээгүй. Эсрэг санал өгсөн 12 гишүүний 10 нь АН-ынх, нөгөө хоёр нь ХҮН намын Т.Доржханд, МАН-ын Х.Булгантуяа нар байсан бөгөөд эрх баригч Ардын намынхны санаачилга, түрэмгийллээр эл хуулийг баталсан юм. Иймд МАН-ынхан иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг хааж, боомилох санаархлаа эцсээ хүртэл хадгалж, хамгаалах, эсэхийг харах л үлдлээ. Мөн эрх баригч намын экс дарга, МАН-ын өнөөгийн удирдлагыг нь ч, гишүүдийг нь ч харцаараа хөдөлгөдөг, Ардын нам дахь нөлөөгөө алдаагүй гэгддэг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг сонжиж болох нь. 

88 дугаар зүйл. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг хэлэлцэх
 

88.1. Хууль, тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьсан бол УИХ хоригийг чуулганы үеэр ажлын 14 өдрийн дотор, чуулганы чөлөө цагт хориг тавьсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 10 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэж тогтоол батална.
 

88.2. Ерөнхийлөгчийн хоригийг тухайн асуудлыг анх хэлэлцэж санал, дүгнэлт гаргасан холбогдох байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.
 

88.3. Нэгдсэн хуралдаанд хоригийг Ерөнхийлөгч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч танилцуулсны дараа энэ хуулийн 88.2-т заасан байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсоно.
 

88.4. Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд гишүүд Ерөнхийлөгчийн хориг болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно.
 

88.5. Гишүүд энэ хуулийн 88.4-т заасны дагуу үг хэлсний дараа Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах, эсэх асуудлаар ил санал хураалт явуулах бөгөөд хэрэв хууль, тогтоолын зарим хэсэгт хориг тавьсан бол тухайн зүйл, заалт нэг бүрээр санал хураалт явуулж дүнг танилцуулах бөгөөд хоригийг шийдвэрлэсэн талаарх УИХ-ын тогтоол баталсанд тооцно.
/Энэ хэсэгт 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
 

88.6. Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр буюу 66.6 хувь нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй бол хууль, тогтоол хүчин төгөлдөр үлдэнэ.
 

88.7. Ерөнхийлөгчийн хоригийн талаар Хууль зүйн болон холбогдох байнгын хорооны санал, дүгнэлт зөрвөл холбогдох байнгын хорооны саналаар эхэлж санал хураалт явуулна.
 

88.8. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан бол хууль, тогтоолыг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгох, шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, тогтоолын төслийг хэлэлцэн баталж болно.
 

88.9. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах бол тухайн шийдвэрийн төслийг холбогдох байнгын хороо боловсруулж, нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй.
 

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиас
 

Энэ сарын 20-нд тус хуулийг баталсны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар хэрэгжилтийнх нь явцад хүний эрхийн зөрчил гарах, эсэхэд Хүний эрхийн үндэсний комиссынхон онцгой анхаарч ажиллахыг даалгасан. Цаашлаад иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхэд нь зөрчил гарвал хуулийн холбогдох заалтуудыг хянан үзээд гуравдугаар сарын 15-нд эхлэх УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлж, ажиллах чиглэл өгсөн юм. Үндсэндээ "Юу ч гэсэн баталчихъя. Хүмүүс яах нь вэ гэдгийг харъя” гэх маягаар баталсан ч байж мэдэхээр буй биз. 

Нөгөө талаас УИХ-ын ээлжит чуулган завсарласан үед хориг тавьсан бол түүнийг ээлжит чуулган эхэлснээс хойш дараалал харгалзахгүйгээр, тэргүүн ээлжид, ажлын 10 өдрийн дотор нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Эл чуулганы завсарлагаар гишүүдийг хол явахгүй байхыг УИХ-ын удирдлагаас анхааруулсан нь эрх баригчид Цагаан сарын дараа буюу хоёрдугаар сарын сүүлчээр ээлжит бус чуулган хуралдуулж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг эхлүүлэхээр төлөвлөснийх гэх таамаглал бас бий. Учир нь улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, эрэмбэлэх, шийдвэрлэх арга замын талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилгоор "Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгыг ирэх сарын 20-ны дотор зохион байгуулахаар төлөвлөж буй. 

 

Уг зөвлөлдөх санал асуулгаар дамжуулан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, магадгүй шинэ Үндсэн хууль батлах замаа засах нь гэж эрх баригчдыг хардаж байгаа нь нууц биш. Одоогийн Үндсэн хуулийг халж, шинээр батлах агуулга бүхий асуултыг зөвлөлдөх санал асуулгад оролцогчдод тавих нь хэмээн төрийн бус зарим байгууллагынхан эсэргүүцэж буй. Тус санал асуулгыг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийн зүгээс үүнийг үгүйсгэсэн ч дарга Г.Чулуунбаатар нь "Эрдэм шинжил гээний хурал болон үндэсний чуулга уулзалтын хүрээнд Үндсэн хуультай холбоотой асуудал гурван янзаар буюу 2019 оны нэмэлт, өөрчлөлтийг гүйцэд хэрэгжүүлэх, тодорхой нэмэлт, өөрчлөлт дахин оруулах, шинэ Үндсэн хууль батлах гэсэн хувилбар хөндөгдсөн. Иймд бид томьёоллыг олон талаар ярилцсаны эцэст "шинэчлэн найруулах” гэсэн агуулга бүхий нэг л асуулт оруулж байгаа. Асуултуудыг боловсруулахдаа бид Үндсэн хууль болон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн зохицуулалтын хүрээнд ажилласан” хэмээсэн юм. Зөвхөн нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотой харилцааг зохицуулах дээрх хуулийг баримталж буй гэх атлаа "шинэчлэн найруулах” гэсэн агуулгаар асуулт оруулсан гэдэг нь эргэлзүүлж буй хэрэг. 

Ямартай ч Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн "аюул”-ыг ойлгуулсан үйл явдал өнгөрсөн 10 хоногт болсон нь "шинэ Үндсэн хуулийн төсөл” гээчтэй холбоотой. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын ахалсан ажлын хэсгийнхэн боловсруулсан хэмээж буй ч тэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн захирамжаар зохион байгуулалтад орж, төслөө нэгтгэж, бүр хэвлүүлээд, гадаад улсын Элчин сайдын яамд руу илгээчихсэн нь ихээхэн ойлгомжгүй байдал үүсгэчихэв. Бас л эрх баригчид иргэдээ тандаад, одоогийн Үндсэн хуулиа орвонгоор нь эргүүлэхийг санаархаад байгаа юм биш биз гэж бодогдов. Эрх баригчид УИХ-ын гишүүн, сайд Н.Учралаар "удирдуулаад”, улайм цайм зүтгүүлэн, Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийгбатлуулсан шиг шинэ Үндсэн хуультай болно гээд хүч түрчихвэл яаж ч "орилж”, эсэргүүцээд тусыг эс олох нь тодорхой харагдлаа.


Эх сурвалж: Өнөөдөр сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler