| |
Голомт банк хувьцааны захиалгын тоогоо нэмэхээр боллоо
Монгол Улсын банкны салбарт тэргүүлэгч Голомт банкны хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны нээлт 2022 оны 11-р сарын 23-ны өдөр Монгол хөрөнгийн биржид цан цохих ёслолын үйл ажиллагааг хийснээр албан ёсоор эхэлсэн.
Голомт банк IPO хийж 103.3 тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд хувьцааны анхдагч арилжааны эхний өдөр 110.7%-ийн биелэлттэй буюу хөрөнгийн биржийн түүхэнд хамгийн өндөр 114.4 тэрбум төгрөгийн захиалгатай өндөрлөсөн юм. Товчоор хэлбэл, Голомт банкны IPO нь Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд хамгийн том дүнтэй IPO болон хамгийн богино хугацаанд 114.4 тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлсэн гэх хоёр том амжилтыг бичиж үлдээлээ.
2022 оны 11-р сарын 28-ны өдрийн байдлаар Голомт банкны хувьцааны захиалгын тоо 16 мянгад, захиалгын үнийн дүн 134.5 тэрбум төгрөгт хүрч захиалгын биелэлт 130.25% байгаа нь эрэлт маш өндөр байгааг илтгэж байна. Иймд Голомт банк болон андеррайтерийн зүгээс үнэт цаасны танилцуулгын 5.7-д заасны дагуу олон нийтэд санал болгож буй хувьцааны 15 хувьтай тэнцэх хэмжээний буюу 12,060,411 ширхэг хувьцааг нэмэлтээр гаргахаар шийдвэрлэлээ.
Хөрөнгө оруулагч та бүхэн 2022 оны 11-р сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд Голомт банкны хувьцааг захиалах боломжтой.
Нээлттэй банк – Голомт банк