|
Видео

Шинэ мэдээ

“Дасгалжуулагч” киноны гол дүрийн бодит дүрийг хайж байна

Найруулагч Э.Ган-Очирын “Дасгалжуулагч” уран сайхны кино дөрөв хоногийн дараа буюу арваннэгдүгээр сарын 25-нд нээлтээ хийх гэж байгаа юм. 14 дэх удаагийн "Улаанбаатар" олон улсын кино наадмын "Шилдэг зохиол"-ын шагнал хүртсэн энэхүү киноны зохиолыг бичиж эхэлсэн цагаасаа найруулагч Э.Ган-Очир нэг л зүйл бодсон нь Оргил гэж гол дүрийнхээ бодит дүрийг олж уулзах. Өөрийнхөө хэмжээнд хайж үзсэн ч амжилт олоогүй бөгөөд энэ зохиолын санааг яаж олсноо тэрбээр ийн хуваалцжээ.
"Анх тусгай хэрэгцээт иргэдийн тухай нийгэмд зөвөөр харуулах кино зохиол бичиж өгөх захиалга авлаа. Харин ямар өнцөгөөс бичих вэ? Гэсэн асуултаа хайж яваад Нямжав гэх танил ахаасаа Оргилын түүхийг олж сонссон юм.
Гэр хорооллын нэгэн гудамжинд арван жилийн ахлах ангийн хэсэг хүүхдүүд оройжин сагс тоглоно. Нэг найз нь тэргэнцэртэй. Хүүхдүүд хичээлдээ явсан хойгуур тэргэнцэртэй найз нь хашааныхаа үүдэнд бусдыгаа хүлээж суух нь харагддаг. Тэгээд найзууд нь ирэхээр тэд нийлж аваад сагсан бөмбөг тоглоно. Тэр дунд өнөөх тэргэнцэртэй хүү найзуудтайгаа байхдаа үнэн аз жаргалтай байгаа нь надад мэдрэгддэг байсан. Харин хүүхдүүд ахлах сургуулиа төгсөөд явснаас хойш тэд гудамжны сагсны талбай дээр үзэгдэхээ больж, тэргэнцэртэй хүү ч харагдахаа байсан даа. Арваад жилийн өмнө ш дээ гэж Нямжав ах ярьсан нь “Дасгалжуулагч” киноны зохиол бичигдэх үндэс болсон билээ.
Хэрвээ та энэ түүхийг уншиж байгаа бол “Дасгалжуулагч” киноны жинхэнэ баатруудыг олоход туслаарай. Тэдэнтэй уулзаж өөрсдийнх нь тухай киног үзүүлж, амьдарч байсан тэр гудамжиндаа ямар их гэрэл гэгээг түгээж байсан нөхөрлөлийн түүхийг нь сонсож өөрийнхөө итгэлийг бодит болгомоор байна. 2022 оны 11-р сарын 25-наас өмнө энэ богинохоон захиаг манай киноны жинхэнэ баатрууд олж хараад холбогдвол мөн гоё оо.
Та нар маань хүсвэл “Тэргэнцэртэй” найзтайгаа хамт сагс тоглодог байсан гудамжны сагсан бөмбөгийн багийнханд энэ зурвасыг олж харахад туслаж түгээж өгөөрэй" гэжээ.
Ийм гайхалтай дурсамж, түүхийн эзэд "Дасгалжуулагч" киноны нээлтэнд хүрэлцэн ирж уран бүтээлчидтэй учран золгож дурсамж хөглөн, мартагдашгүй бас нэгэн түүхийг бичилцээрэй.
"Дасгалжуулагч" киноны Ерөнхий продюсер: П.Батмягмар, Э.Буянтогтох, Б.Амаржаргал
Гүйцэтгэх продюсер: Д.Манлайбаатар, Г.Цэвээндорж
Ерөнхий найруулагч: Э.Ган-Очир
Кино зохиолч: Э.Ган-Очир, Н.Майдар
Эх сурвалж: 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.