|
Видео

Шинэ мэдээ

Путинд хэн юу хэлэв?

Путинд хэн юу хэлэв?

 

ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт өнгөрсөн долоо хоногт Узбекистаны нийслэл Самарканд хотноо боллоо. Энэ үеэр дэлхийн удирдагчид дайны талаарх санаа зовнилоо Путинд илэрхийлцгээсэн.

Тухайлбал, Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган "Дайныг аль болох хурдан зогсоохын тулд дипломат хүчин чармайлт гаргаж байна" гэжээ. Баасан гаригийн орой Путинтэй ганцаарчилсан уулзалт хийсэн тэрбээр  "Бидний зорилго бол хүн төрөлхтөний болон хүмүүнлэгийн үнэт зүйлд анхаарлаа хандуулсан, санаачлагатай дипломат харилцаагаар дамжуулан бүс нутаг болон бусад оронд энх тайвныг бүрдүүлэх явдал юм. Үүнтэй холбоотойгоор бид Украин дахь дайныг дипломат аргаар аль болох хурдан зогсоох эрчимтэй хичээл зүтгэл гаргаж байна” гэж хэлэв. Түүнчлэн Эрдоган ШХАБ тус улсын Ази тивд нэгдэх хаалганы нэг болсныг онцолжээ.

Мөн тэрбээр "Терроризм хил хязгааргүй, бүх улс оронд сөргөөр нөлөөлж байна. Турк улс олон арван мянган иргэнээ террорист байгууллагуудад золиослосон улс учир терроризмын хэрцгийг сайн мэднэ” гэж хэлсэн байна.

Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар ч бас дайны талаар санал шүүмжээ хэлэв. Нарендра Моди ОХУ-ын Ерөнхийлөгчтэй ганцаарчлан уулзах үедээ "Өнөө цаг бол дайны эрин үе биш. Ардчилал, дипломат ёс, яриа хэлцэл л дэлхий дахинд нөлөөлнө гэдгийг бид өмнө нь олон удаа утсаар ярихдаа ярилцсан” гэж хэлсэн байна. Путин хариуд нь "Дайны талаарх таны байр суурийг би мэднэ, мөн таны санаа зовж буйг ч мэднэ. Бид энэ бүхнийг аль болох хурдан дуусгахыг хүсч байна” гэжээ.

Моди дайны эрин үе дууссан гэсэн үгээр яриагаа эхлүүлсэн нь Энэтхэг улс Оросын дайралтад таагүй хандаж буйг харуулж байна. Тус улс өнөөг хүртэл Оросыг шүүмжилж дуугараагүй байсан юм.

Хятадын удирдагч Ши Жиньпин яриандаа Украины нэрийг ганц ч удаа дурдаагүй аж. Тэрбээр "Хятад улс их гүрнүүдийн хариуцлагыг харуулж, эмх замбараагүй ертөнцөд тогтвортой байдал, эерэг энерги бий болгохын тулд Оростой хамтран ажиллахад бэлэн” гэж хэлсэн байна. Путин хариуд нь Бээжингийн тэнцвэртэй байр суурийг сайшааж буйгаа илэрхийлжээ. Оросын удирдагч "ОХУ-аас Украинд хийж буй дайнд Хятад санаа зовниж буйг ойлгож байна” гэж хэлэв. Ингэж хэлснээрээ Москва, Бээжин хоёр тодорхой хэмжээнд өөр байр суурьтай байгааг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг гэж ажиглагчид дүгнэжээ.

Эх сурвалж: HINDU, HURRIYET DAILY NEWS

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.