|
Видео

Шинэ мэдээ

Г. Шийлэгдамба сайд хууль зөрчин ТНБД-гаа томилсоныг эрүүл мэндийн салбарынхан эсэргүүцжээ

Г. Шийлэгдамба сайд хууль зөрчин ТНБД-гаа томилсоныг эрүүл мэндийн салбарынхан эсэргүүцжээУлс төрчид эрүүл мэндийн салбараар тоглосоор олон жилийн нүүрийг үзэж байна. Хамгаас илүү мэргэжлийн байх ёстой энэхүү салбарыг улс төрийн наймааны золиос болгосны уршгаар сүүлийн 10 гаруй жил эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж улам бүр муудаж, мөнгөгүй хүн өвдсөн л бол үхэхээс өөр аргагүй байдалд орж, эрүүл мэндийн салбар өөрийн үндсэн үүрэг болох иргэдээ эрүүл мэндтэй холбоотой санхүүгийн эрсдэлээс хамгаалах үүргээ биелүүлж чадахгүйд нэгэнт хүрчээ.

Хамгийн сүүлд л гэхэд "Шийдлийн” Засгийн газрын Эрүүл мэнд, спортын сайдаар аялал жуулчлалын менежер мэргэжилтэй Г. Шийлэгдамбыг томилоод сар хүрэхгүй хугацаа өнгөрч байна. Г. Шийлэгдамба сайд салбарынхантайгаа хийж буй бүх хурал, уулзалтандаа нэг ширхэг цагаан цаас барьж ордог бөгөөд өөрийгөө тэрхүү цагаан цаастайгаа зүйрлэж, "Би урьд нь энэ салбарт ажиллаж байгаагүй, энэ салбарынхныг тэр бүр танихгүй, энэ цагаан цаас шиг хүн” хэмээн өөрийгөө мэргэжлийн бус хүн гэдгээ хүлээн зөвшөөрч, салбарынхан нь ч түүний "цагаан цаасны үлгэр”-ийг энэ богино хугацаанд цээжээрээ ярьдаг болсон байна. Харамсалтай нь, шинэхэн сайд өөрийгөө энэ салбарын аль болох бүтэхгүй хүмүүсээр хүрээлүүлж, тэд нар нь энэ цагаан цаасан дээр нь эрээчих шиг болж байна. 

Цагаан цаасан дээр хамгийн ихээр "сараачиж” байгаа хүн нь түүний дотны анд, Хавдар судлалын үндэсний төвийн захирал Л. Төмөрбаатар гэдгийг хэн хүнгүй ярьж байна. Арав хүрэхгүй жилийн дотор толгой эргэм хурдтай карьер хийж, Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгийн тэргүүн байсан тэрээр ХСҮТ-ийн захирал болж, одоо Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын суудалд суухаар зэхэж, улмаар 2016 онд УИХ-д нэр дэвших санаатай гэх яриа дэгджээ. Л. Төмөрбаатар нэрээ цэвэр авч үлдэхийн тулд Г. Шийлэгдамба найзаараа хууль бус тушаал гаргуулж, Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Эрүүл мэндийн яаманд мэргэжилтэн байсан Г. Ганчимэг гэгчийг томилуулж, "өөрийн” дуулгавартай хүмүүсийг яаманд шургалуулах, үүний тулд саад болж байгаа төрийн албан хаагчдыг замаасаа зайлуулах ажлыг Г. Ганчимэгээр хийлгэж байна.

Мэргэжилтэн Г. Ганчимэгийг Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон Эрүүл мэнд, спортын сайдын 2014 оны 03 дугаар тушаал нь Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор баталсан "Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ыг үндэслэсэн боловч энэхүү журмын 4.3.2, 4.7 дахь заалтыг тус тус зөрчсөн байна. Журмын эдгээр заалтыг сийрүүлбэл "4.3.2 дэд дарга, орлогчгүй байгууллагын даргын албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд албан тушаалын чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргаар төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлнэ”, "4.7 албан үүргийг түр орлон гүйцэтгэх албан хаагчийг үндсэн албан тушаалаас нь чөлөөлөхгүйгээр албан үүргийнх нь зэрэгцээ түр орлох албан тушаалыг гүйцэтгүүлнэ” гэжээ. Ийм ч учраас ТНБД нь чөлөөлөгдсөн бусад яамдын ТНБД-ын албан үүргийг Төрийн захиргааны удирдлагын газрын дарга нар нь түр орлон гүйцэтгэж байхад, Эрүүл мэнд, спортын яамны ТНБД-ын албан үүргийг мэргэжилтэн Г. Ганчимэгээр орлуулсан нь дээрх журмын 4.3.2-ыг зөрчжээ. Мөн хуучин ЭМЯ-ны төрийн албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ЭМСЯ-ны ТНБД-ын 2014 оны 389 дүгээр тушаалаар мэргэжилтэн Г. Ганчимэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, шинэ ЭМСЯ-ны төрийн албан хаагчдыг байршуулсан 390 дүгээр тушаалаар мэргэжилтэн Г. Ганчимэгийг эгүүлэн томилоогүй нь дээрх журмын 4.7-г зөрчсөн байна.
Г. Шийлэгдамба сайд хууль зөрчин ТНБД-гаа томилсоныг эрүүл мэндийн салбарынхан эсэргүүцжээ

Ийнхүү Г. Ганчимэгийг хууль, журам зөрчиж томилогдсон болохыг ЭМС-ын сайд Г. Шийлэгдамбад АТГ-аас ирүүлсэн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай албан тоот давхар гэрчилж байна. Энэхүү албан бичигт "ЭМСЯ-ны ТНБД-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдохоор нэр дэвшсэн Г. Ганчимэг, ТЗУГ-т ахлах мэргэжилтнээр томилогдохоор нэр дэвшсэн Б. Эрдэнэчимэг нарын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт заасны дагуу томилох эрх бүхий албан тушаалтан, байгууллагаас ирүүлээгүй байх тул материалыг буцаав” гэжээ. Гэвч сайд Г. Шийлэгдамба, Г. Ганчимэг нар энэхүү албан тоотыг үл тоон, хууль бус ажиллагаагаа эрчимтэй үргэлжлүүлсэн байна. Тэд 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн дарга М. Уранчимэгээс бусад бүх газар, хэлтсийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Яамны удирдлагыг бараг бүрэн бүрэлдэхүүнээр нь солихын өмнө сайд Г. Шийлэгдамба тэдэнтэй уулзаж "муу ажилласан учраас халж байгаа юм биш, өөрийн удирдлагын багийг авчирч байгаа тул халж байна” гэсэн тайлбарыг өгсөн нь энэ хүн хуулийг хэрхэн завхаруулж байгаагийн тод илрэл юм.

Тэгвэл ЭМЯ нь Эрүүл мэнд, спортын яам болж спортын чиг үүрэг нэмэгдэж ирснээс биш 4 газар (Төрийн захиргааны удирдлагын газар, Стратегийн бодлого төлөвлөлтийн газар, Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар), 3 хэлтэс (Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс, Эмнэлгийн тусламжийн хэлтэс, Санхүү, эдийн засгийн хэлтэс)-ийн даргын албан тушаал (ажлын байр)-ын чиг үүрэг өөрчлөгдөөгүй хэвээрээ байхад бүгдийг ажлаас нь чөлөөлж, оронд нь төрийн захиргааны албаны мэргэжлийн шалгалт өгөөгүй, АТГ-аас дүгнэлт гаргах боломжгүй гэсэн хүмүүсийг нэгжийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилоод, эрх зүйн чадамжгүй ТНБД-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн гаргасан хууль бус тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагч нарт "ажлын байран дээр чинь сонгон шалгаруулалт зарлана, тэгэхэд өрсөлд” гэж хээв нэг ярьж байхад Төрийн албаны зөвлөл төрийн жинхэнэ албан хаагчдаа өмгөөлж дуугарах цаг болжээ. Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Б. Эрдэнэчимэгийн хувьд АТГ-аас дүгнэлт гаргах боломжгүй гэсэн хүн. Бусад үүрэг гүйцэтгэгч нарт мөн л дүгнэлт гаргуулаагүй Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчиж байна.

Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Р. Оюунханд нь Эрүүл мэндийн сайд асан Б. Батсэрээдэнэгийн шавь гэдгээрээ Геронтологийн төвийн даргаар томилогдож байсан, салбартаа чадваргүй нэгэн гэгддэг бөгөөд төрийн захиргааны албаны мэргэжлийн шалгалт өгөөгүй буюу тухайн ажлын байрны шаардлагыг хангаагүй гэнэ. Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон О. Баяр нь мөн л сайд асан Б. Батсэрээдэнэгийн үед хууль бусаар ЭМЯ-ны газрын даргаар томилогдож, эцэст нь үнэнд гүйцэгдэж, халагдаж байсан бөгөөд мөнөөх Л. Төмөрбаатарын найз учраас Хавдар судлалын үндэсний төвд дэд захирлаар ажиллаж, явсан нөхөр байх юм. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Э. Оюунсүрэн нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Төгсөлтийн дараах албанд ажиллаж байсан, мөн төрийн захиргааны албаны мэргэжлийн шалгалт өгөөгүй буюу тухайн ажлын байрны шаардлагыг хангаагүй байна.

Дарга нараас гадна мэргэжилтнүүдийг халаа сэлгээний шуурга тойрсонгүй. Хуучин 109 орон тоотой байсан ЭМЯ 101 орон тоотой ЭМСЯ болсон гэж үзвэл дээд тал нь 8 ажлын байр цомхотгоход л хангалттай байв. Иймдээ ч тэтгэврийн насанд хүрсэн 8 албан хаагчдад сайд Г. Шийлэгдамба 12 сарын 27-ны Бямба гарагт хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйл гардуулахад яамныхан цомхотголд өртөхгүй нь гэж баярлалдаж байжээ. Гэвч 3 хоногийн дараа эрх зүйнчадамжгүй ТНБД-ын үүрэг гүйцэтгэгч 389 дүгээр тушаал гарган ЭМЯ-ны бүх албан хаагчдыг ажлаас чөлөөлж, 390 дүгээр тушаалаар ЭМСЯ-ны албан хаагчдыг шинээр байршуулан томилохдоо 20-иод албан хаагчийг халж, 10 хүнийг гаднаас шинээр томилж, 15 ажлын байран дээр хүн томилоогүйгээс харахад цомхотгол гэхээсээ илүү "өөрийн биш” хүмүүсээ зайлуулах заль мэх гэдэг нь тодорхой байна.

НУУЦ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler