| |
Видео
Шинэ мэдээ
Спортын салбарынхан “Тэрбум мод” хөтөлбөрт нэгдлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн орон даяар ид өрнөж байна. “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд Биеийн тамир, спортын улсын хорооны ажилтан албан хаагч, үндэсний шигшээ багийн 60 орчим дасгалжуулагч, тамирчин нэгдэж, өчигдөр Налайх дүүрэгт 80 ширхэг шинэс мод тарилаа. Энэ үеэр Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц “Эх дэлхий, байгаль орчиндоо эзний ёсоор хандаж, цөлжилт, шороон шуурганы эсрэг хамтдаа тэмцье” хэмээн уриаллаа.
Энэхүү тарьсан моддыг Нийслэлийн Байгаль орчны газар, Налайх хотын Тохижилт үйлчилгээний газар хариуцах юм. Мөн иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд тарьсан модоо арчлах боломжтой. Ийнхүү эх дэлхийн уушги гэгддэг ой модоо хамгаалах их үйлсэд спортын салбарынхан ханцуй шамлан оролцож, мод тарьж, тарьсан модоо арчиллаа. Спортын 22 холбоо, Биеийн тамир, Спортын улсын хорооны 2 газар, 4 хэлтсийн нийт 140 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хамрагджээ.
Өнгөрсөн жил мөн тооны модыг Налайхын цэцэрлэгт хүрээлэнгийнхээ урд хэсэгт тарьсан бөгөөд зөвхөн суулгаад өнгөрөх биш, тэмцээн уралдаанд явах бүртээ эргэж тойрч, усалгаа, арчилгааг хийсээр байгаа аж.
Налайх хотын спорт хороо, Налайх хотын тохижилт үйлчилгээний газрын цэцэрлэгжилтийн албаныхан тэднийг дэмжин ажиллаж байгаа гэдгийг Биеийн тамир, Спортын хорооны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга О.Баттулга илэрхийллээ. Учир нь модыг зориулалтын дагуу ургуулж, арчлахад мэргэжлийн байгууллагын туслалцаа хэрэгтэй байдгийг онцоллоо.
Мөн шигшээ багийн тамирчид төрийн тэргүүний санаачилсан хөтөлбөрт оролцож, байгаль, эх дэлхийдээ бага ч гэсэн хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна. Бусад салбарынхан маань ч гэсэн идэвхтэй оролцож, байгаль орчноо хайрлаарай хэмээн уриаллаа. Мөн одоо амралт зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан аялал, зугаалгаар явахдаа гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, тарьж байгуулсан ногоон байгууламжаа үр дүнтэй хайрлан хамгаалж байх нь чухал гэдгийг дуулгалаа.
Б.Дарьсүрэн
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин