|
Видео

Шинэ мэдээ

Г.Дөлгөөн: Бизнесийн болон хэрэглээний зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулахаар шийдвэрлэсэн

 

 

Г.Дөлгөөн: Бизнесийн болон хэрэглээний зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулахаар шийдвэрлэсэн

 

УИХ-ын Түр хорооны хуралдаанд Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн Монголбанкнаас авч хэрэгжүүлж байгаа бодлогын арга хэмжээний талаар танилцуулсан.  

Тэрбээр, Монголбанк энэ хүрээнд 5 чиглэлээр арга хэмжээ авч ажиллаж байна.  2020 оны 11 дүгээр сарын 12-21-ний өдрийн хооронд цахим тооцооны гүйлгээ бэлэн бус хэлбэрээр хийхэд ямар нэгэн хүндрэл үүсээгүй, төлбөр тооцоо саатсан, тасалдсан тохиолдол гараагүй. Халамжийн мөнгө олгох асуудлыг арилжааны банкуудтай хамтран ажиллаж, хүндрэлгүй шийдсэн. Мөн Мөнгөний бодлогын хороо 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ээлжит бусаар хуралдаж, мөнгөний бодлогын хүүг 8-аас 6 хувь болгон бууруулж, цаашлаад төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг бууруулсан. Эдгээр шийдвэр гарснаар банкуудад олгох санхүүжилтийн хүүг бууруулах, зээлийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, санхүүгийн нөхцөлийг зөөлрүүлэх, эдийн засгийн уналтыг хязгаарлах, сэргээх төдийгүй заавал байлгах нөөцийн бууралтаар нийтдээ 401 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр чөлөөлөгдөж зах зээлд нийлүүлэгдэхэд бэлэн болно. Мөнгөний бодлогын хорооноос төв банкнаас хүлээн зөвшөөрсөн активыг барьцаалж, урт хугацаат дахин санхүүжүүлэх хэрэгсэл буюу репо хэлцэл хийх, хэрэглээний зээлийн хугацааг сунгах асуудлыг хэлэлцэж дэмжигдсэн. 

Монгол Улсын Засгийн газар, банкуудтай нягт хамтран ажилласны үр дүнд ипотекийн хөнгөлттэй нөхцөлтэй зээлийн эргэн төлөлтийн хугацааг зээлийн үндсэн болон хүүний төлбөрийг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаагаар хойшлуулах шийдвэр гарч, энэ хүрээнд 310 тэрбум төгрөг хойшлуулна гэсэн тооцоо гаргасан. Мөн бизнесийн болон хэрэглээний зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах  боломжийг олгосон, хугацааг сунгахаар шийдвэрлэсэн" гэв. 

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан "Цар тахлын үед зохицуулалтын салбарын санхүүгийн зах зээл дээр хийж, хэрэгжүүлж буй ажлууд”-ын талаар мэдээлэл хийсэн. 

Тэрбээр "УИХ-аас баталсан Короновируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Засгийн газрын 183 тоот тогтоол батлагдаж, банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/, Хадгаламж зээлийн хоршоо /XЗХ/-ны зээлийн үйл ажиллагаатай холбоотой иргэд, аж ахуйн нэгжүүдэд зээлийн дарамт үүсгэхгүй, төлбөрийн чадварт нь нийцсэн байдлаар зээлийн төлбөрийг сунгах чиглэлээр Санхүүгийн зохицуулах хорооноос тодорхой авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, Хорооны 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 3/4654 тоот албан бичгээр зээлийн үйл ажиллагаа эрхэлж буй нийт 495 ББСБ руу тогтоол гарсантай холбогдуулан зээлийг 2020 оны 07 дугаар сарын 01 хүртэл зээлийг хойшлуулах, зээлийн бүтцэд өөрчлөлт оруулж ажиллахыг чиглэл болгосон. Түүнчлэн Санхүүгийн зохицуулах орооноос гаргасан шийдвэрийн дагуу нэмэгдүүлсэн хүү, алданги, анз зэргийг бодохгүй, одоогийн байдлаар цахим хэлбэрээр, утсаар холбогдож зээлийн гэрээг сунгах хүсэлтийг авч байгаагаа тус тус мэдэгдсэн.

Нийт хөрөнгийн хэмжээгээр эхний 20-д орох Хадгаламж зээлийн хоршоотой холбогдож, дээрх чиглэлээр тодорхой үүрэг өгсөн. Эдгээр 20-н Хадгаламж зээлийн хоршоо  нь салбарын нийт зээлийн 81 хувийг эзэлж, зээлдэгч гишүүдийн 59 хувийг бүрдүүлж байгаа бөгөөд 7 нь орон нутагт үйл ажиллагаа эрхэлж байна. Хадгаламж зээлийн хоршоо тус бүрийн гишүүнчлэлийн хүрээ, байршил, эрхэлдэг үйл ажиллагаанаас хамааран нөхцөл байдал харилцан адилгүй байгаа ч нийт Хадгаламж зээлийн хоршоод Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан "Хадгаламж, зээлийн хоршооны активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-д оруулсан өөрчлөлтийг мөрдөн ажиллаж, зээлийн үндсэн төлбөр, хүүг хойшлуулахаар гишүүдээс ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч ажиллаж байна. Ингэхдээ Санхүүгийн зохицуулах хорооноос өмнө хүргүүлж байсан шийдвэрийн дагуу нэмэгдүүлсэн хүү, алданги зэргийг авахгүй байгаа болно" гэсэн юм. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.