| |
Энхсаранд тусгаарлагдаж байсан иргэдийг ХӨСҮТ рүү шилжүүллээ
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ХӨСҮТ-д ажиллаж, Энхсаран сувилалд ажиглалтад байсан хүмүүсийг ХӨСҮТ-д тусгаарласан. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, сайдын зөвлөх О.Чимэдсүрэн болон холбогдох албаныхан өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 10-ны 18.00 цагаас ХӨСҮТ-д коронавирусийн халдварын эсрэг авч буй хариу арга хэмжээ, эмнэлгийн тусламж үйлчилгээ болон цаг үеийн асуудлаар шуурхай хуралдлаа.
Шуурхай хурлаар Эрүүл мэндийн сайд дараах асуудлыг шийдвэрлэлээ.
Үүнд: Энхсаран сувилалд ажиглалтад байсан хүмүүсийг ХӨСҮТ-д тусгаарлахаар боллоо. ХӨСҮТ-д орны бэлэн байдлыг бүрэн хангаж, өнөө шөнөдөө ХӨСҮТ-ийн тусгаарлалтанд байршиж дуусах юм. Бүх орны нөөц, бэлтгэл ажлыг хангасан.
-Халдварын голомтонд ажиллаж буй бүх эмнэлгийн ажилчид 5 сая төгрөгийн урамшууллыг авсан. Харин лаборантууд, жолооч нар, вируслогийн ажилчид нэмэлт урамшуулалд хамрагддаггүй байсныг нөхөн олгохоор болов
-Нэг удаагийн эмнэлгийн хэрэгслээр бүрэн хангах нөөц байгаа учраас ХӨСҮТ-ийн хэрэгцээт бүх хэрэгслээр хангах
-Илүү цагаар болон чартер нислэг тосч шөнө, өдөргүй ачаалалтай ажилласан удирдах ажилтнуудын илүү цагийг олгох
-Коронавирусын халдварын үед ажиллаж буй ХӨСҮТ-ийн бүх авто машинуудын засвар үйлчилгээ, даатгал зэрэг холбогдох бүх зардлыг ЭМЯ-аас шийдэх
-ХӨСҮТ-ийн мэс заслын тасгийн тоног төхөөрөмжийг сайжруулах, нэн шаардлагатай аппаратуудыг шийдвэрлэж өгөх -Эмзүйн албаны агуулах байрны асуудлыг шийдвэрлэх
-Голомтонд ажиллаж буй эмч, ажилчдын амрах байр, хэсгийг илүү тав тухтай, тохилог орчноор бүрдүүлэх төсвийг шийдэж өгөх
-Коронавирусын халдвар авсан эмч, сувилагчийн ар гэрт сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх
-ХӨСҮТ-д хоёр лифтийг шинэчлэх зэрэг асуудлыг нэн даруй шийдвэрлэхээр боллоо.