| |
СЕХ: Улсын хэмжээнд 164 хэсгийн хороонд хяналтын тооллого хийхэд ганц ч зөрүү гараагүй
Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн урьдчилсан дүнг мэдээлснээс хойш сонгуульд оролцсон зарим нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн зүгээс санал авах, дүнг нэгтгэх үйл ажиллагааны явцад хууль зөрчсөн үйлдэл олноор гарсан гэх гомдлыг Ерөнхийлөгчид гаргасан билээ. Энэ дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга СЕХ-ны төлөөллийг хүлээж авч, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн хүрээнд 50 хувьд хүргэж хяналтын тооллого хийгээгүй тойрогт нэмж хяналтын тооллого хийж, үр дүнг нь яаралтай танилцуул гэсэн үүрэг чиглэл өгсөн билээ. Энэ дагуу өнгөрсөн амралтын өдрүүдэд СЕХ-оос зарим тойрогт хяналтын тооллого хийсэн юм.
Тодруулбал, 5 аймаг, 5 дүүрэгт нэмэлтээр хяналтын тооллого хийжээ. Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Дорнод аймагт хяналтын тооллогыг 50 хувьд нь хүргэж хийсэн аж. Харин Дархан-Уул аймагт 100 хувь гараар хяналтын тооллого хийсэн байна. Нийслэлд 50 хувьдаа хүргэж тоолоогүй 5 дүүрэгт, 123 хэсэгт нэмэлтээр хяналтын тооллого хийжээ. Харин улсын хэмжээнд 164 хэсгийн хороонд хяналтын тооллого хийсэн аж. Өчигдөр оройны 21:00 цагийн байдлаар 130 гаруйд тооллого хийгээд дууссан гэсэн мэдээллийг СЕХ-ноос өглөө. Ингэхэд ганц ч тоо зөрөөгүй байна. Нэмэлт хяналтын тооллого хийхэд 600 орчим ажиглагч, 2500 төрийн албан хаагч оролцсон аж. Өчигдөр оройны байдлаар Архангай зэрэг зарим аймагт хяналтын тооллого үргэлжилж байлаа.