|
Видео

Шинэ мэдээ

Ж.Мөнхбат: МАН хэзээ ч сайд, дэд сайд тэр тусмаа төрийн албан тушаалыг мөнгөөр үнэлж байгаагүй

Өнөөдөр МАН Шийдлийн засгийн газарт орж ажиллахаар томилогдсон долоон дэд сайдаа танилцуулсан. Энэ үеэр тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбаттай ярилцлаа.

 

-Танай намаас долоон дэд сайд томилогдлоо. Гэхдээ их олон хүн нэр дэвшсэн.

 

-АН-аас МАН-д хүсэлт тавьсаны дагуу бид Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын Засгийн газарт орж ажиллаж байна. Ингээд хоёр намаас гарсан ажлын хэсгийн зөвшилцлийн үндсэн дээр МАН долоон дэд сайд томилох эрхтэй болсон. Энэ дагуу МАН долоон дэд сайдаа өчигдөр томилууллаа. Намын удирдах зөвлөлд дэд сайд болъё гэж 43 хүн саналаа ирүүлсэн.

 

Бид тэдний саналыг бүгдийг нь нээлттэй хүлээж авсан. Гэхдээ түүнээс дөрөв, таван хүн нэрээ татсан. Ингээд үлдсэн 39-ийг нь 12 шалгуур тавьж өрсөлдүүлсэн. Тухайлбал мэргэжлийн, хууль бус зүйлд холбогдоогүй, салбараа мэддэг, тэр салбарыг авч явж чадах боломжтой. Мөн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд МАН цөөнх болж байхад намынхаа ажил, үйл хэрэг хэрхэн оролцож байсан зэргийг нь харгалзаж үзсэн.

 

-Тэднийг ямар зарчмаар шалгаруулсан бэ?

 

-Дэд сайдад өрсөлдсөн 39 хүнийг намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, бүлгийн дарга нар хүлээн авч, уулзаад "Хэрвээ дэд сайд болж чадахгүй бол дараагийн төрийн нарийн эсвэл агентлагийн дарга гэсэн албан тушаал руу явах боломжгүй шүү” гэдгийг хэлсэн. Нэр дэвшигчдийн 11 нь Аж үйлдвэрийн яамны дэд сайд болъё гэсэн. 11 гэдэг бол их тоо.

 

Харин дараа нь ХХААЯ-нд ес, БСШУЯ-нд долоо, ХАХНХЯ-нд дөрөв, Эрүүл мэнд, спортын яаманд хоёр зэргээр саналаа ирүүлсэн. Харин бидний зүгээс үүнийг хамгийн их санал ирсэн хоёр яаманд гурван нэр дэвшигч, бусдаас нь хоёр гэдэг зарчим баримталсан. Өөрөөр хэлбэл МАН-ын дэд сайдаа шалгаруулах үйл явц намын дотоод ардчиллыг хангасан, эрүүл уур амьсгалтай болсон. Үүнд өрсөлдсөн хүмүүс маань ч их сэтгэл хангалуун байгаа.

 

Бид бүхэн үүнд жендэрийн асуудлыг бас харгалзсан. Тодруулбал Гадаад харилцааны дэд сайдад хоёр эмэгтэйг нэр дэвшүүлсэн. Харин энэ өрсөлдөөнөөс Н.Оюундарь ялалт байгуулаад, ажлаа хүлээгээд авчихсан байна. Мөн Аж үйлдвэрийн дэд сайдаар Х.Баделхан ажиллах болсон. Ингэснээр МАН үндэсний цөөнхийнхөө боловсон хүчний бодлогыг баримталж чадсан гэж бодож байна.

 

-Сүүлийн үед зарим хэвлэлд МАН дэд сайдынхаа суудлыг мөнгөөр худалдлаа гэх зүйл гараад байгаа. Үүнд хариулт өгөхгүй юу?

 

-МАН дэд сайдынхаа суудлыг 500 сая төгрөгөөр худалдсан гэх утгатай зүйл зарим хэвлэлд гарсан байна лээ. МАН нэр төрөө сэргээлгэхээр үүнийг хуулийн дагуу шалгуулах болно. Хариуцлагатайгаар мэдэгдэхэд зарим хэвлэлд гарсан шиг ямар нэг мөнгөний шалгуур тавигдаагүй. Нэр дэвшиж өрсөлдсөн 39 хүндээ нээлттэй, шударга механизмаар явсан. Ө.Энхтүвшин даргын хувьд намын бүлгийн хурал дээр намын удирдлагууд нээлттэй авч хэлэлцсэн. Тэгэхээр энэ асуудлаар ойлголцсон гэсэн үг.

 

Заримдаа үл ойлголцол эсвэл мэдээлэл дутуугаас болж ийм явдал гаргах нь бий. Тиймээс Ө.Энхтүвшин гишүүн "Хэвлэлээр тийм зүйл хэлсэн нь миний буруу байсан” гэж хэлсэн. Бидний ойлгож байгаагаар манай долоон дэд сайд ямар нэг ашиг сонирхлын зөрчил мэдээж байхгүй. Ер нь эдгээр хүмүүсийн дунд мөнгө төлөөд байх хүн ч байхгүй. МАН хэзээ ч сайд, дэд сайд тэр тусмаа төрийн албан тушаалыг мөнгөөр үнэлж байсан зүйл байхгүй. 

 

-ХХАА-н дэд сайдад гурван хүн нэр дэвшсэн ч удирдах зөвлөлийн бус намын даргын шийдвэрээр хүнээ сонгосон гэх яриа байгаа. Энэ ямар учиртай юм бэ?

 

-ХХАА-н дэд сайдад гурван хүнийг нэр дэвшүүлсэн. Ингэхдээ намын удирдах зөвлөл дээр 50+1 буюу олонхийн санал авч байж дэд сайд болно гэсэн зарчим баримталсан. Эхний санал хураалтаар нэр дэвшигчид найм, тав, тав гэсэн санал авсан. Харин хоёр дахь санал хураалтаар зургаа, зургаан саналтай тэнцсэн. Ингэснээр удирдах зөвлөлөөс намын даргад сонголт хийх эрхийг нь олгосон.

 

Өмнө нь ч гэсэн ийм зүйл практик дээр байж л байсан. 2012 онд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ц.Батбаяр нар Батлан хамгаалахын сайдад өрсөлдөж байхад санал тэнцээд тухайн Ерөнхий сайд, намын дарга байсан Сү.Батболд шийдэж байсан. Тэгснээрээ Ж.Энхбаяр гишүүн Батлан хамгаалахын сайд болж байлаа. Энэ гурван хүнийг гурвууланг нь намын гурван удирдлага авч уулзаад, 2012 оны УИХ-ын сонгуульд БЗД-ээс хамгийн их санал авсан Б.Батзоригийг сонгосон.

 

-Ер нь намын удирдах зөвлөлийн шийдвэр яг намын олонхын санал байж чадах уу?

 

-Намын удирдах зөвлөлийн шийдвэр гэдэг намын дүрмийн дагуу л шийдэгдэнэ. Түүнээс биш төрийн ордны баруун эсвэл зүүн талд хэдэн хүн цуглаж байгаад асуудал шийднэ гэж байхгүй. Харин 39 нэр дэвшигчээ дуудаж байгаад шалгуураа үзүүлж, хэн үүнийг хангаж чадах вэ гэж байгаад л санал хураалтаар шийдсэн.   

 

-Нэр дэвшигчдээс шалгаруулах явц булхайтай боллоо гэх зэрэг гомдол ирсэн үү?

 

-Хэн нэгэн хүн дэд сайд болсонгүй гэх мэт гомдол албан ёсоор ирүүлээгүй байна. Ер нь бол хоёр хүн өрсөлдөөд нэг нь ялагдахад ямар ч шатны сонгуульд сэтгэл гонсгор үлдэх тохиолдол байдаг. Бид ямар зарчим баримталсан бэ гэхээр нээлттэй, шударга өрсөлдөх зарчим л баримталсан. Манай удирдах зөвлөл 21 гишүүнтэй, түүний гурав нь гадаадад томилолттой байсан. Үлдсэн 18 нь санал хураалтад орсон. Энэ бол удирдах зөвлөлийн олонхийн шийдвэрээр гаргасан шийд. Ер нь манай долоон дэд сайд бүгд энэ салбартаа ажиллаж байсан туршлагатай хүмүүс.

 

-Дэд сайдуудын асуудал шийдэгдчихлээ одоо агентлагийн дарга нарыг сонгох бас нэг том ажил байна. Үүнд нам ямар байр суурьнаас хандах вэ?

 

-Энэ бол төрийн албаны хуультай. Түүгээрээ зохьцуулагдаад явна. Өчигдөр БОНХЯ болон Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг чөлөөлсөн байна лээ. Тэгэхээр түүн дээр шинэ хүмүүс томилогдох байх гэж бодож байна. МАН-аас гэвэл Барилга хот байгуулалтын Төрийн нарийн бичгийн даргыг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар томилсон байна билээ.

 

-Танай долоон дэд сайд ашиг сонирхлын зөрчилтэй эсэхэд хариулахгүй юу. Б.Батзориг сайдын тухайд БЗД-ийн Засаг дарга байхдаа нэлээн том асуудалд орж байсан.

 

-Энэ хувийн чанартай асуулт учир сайдаас нь өөрөөс нь асуусан нь дээр байх.

 

Харин энэ талаар Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзориг ийн хариулсан юм.

 

-2012 оны УИХ-ын сонгуулийн үеэр яригдаж байсан асуудал. Сонгууль болохоор л  гүтгэдэг, хийсэн бүтээснийг нь үгүйсгэдэг. Энэ удаа улстөрийн албан тушаалд томилогдсонтой холбоотойгоор  олон тэрбум төгрөгөөр хөшөө барьсан гэдэг асуудал сөхөгдөж байх шиг байна. Үнэндээ бол   олон тэрбум төгрөгөөр   хийгдсэн ч ажил биш.  Баянзүрх дүүргийн хувьд иргэдийн санаачлагаар ажил хийдэг.  Манай  Баянзүрх хайрхан арслан шүтээнтэй,  нохой савдагтай. Иргэдтэйгээ ярьж байгаад тэр шүтээнээ 300 орчим сая төгрөгөөр бүтээсэн. Тухайн үед АТГ шалгаад шүүхээс гэм буруугүй гэдэг нь тогтоогдсон асуудлыг сөхөж байгааг улстөрийн шинжтэй  гүтгэлэг гэж харж байна. 2008-2012 онд би Засаг даргаар ажилласан. Энэ хугацаанд  жил бүр оны шилдэг болж байсан. Манай баг хамт олон тухайн үед сайн ажилласан гэж бодож байгаа. 

 

undesten

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler