| |
Австрали, Филиппинээс 262 иргэн эх орондоо ирлээ
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Австрали, Филиппин Улсаас 262 иргэнээ татан авах ажиллагааг зохион байгууллаа.
Эдгээр иргэдийн 79 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 15 нь жирэмсэн болон асран хамгаалагчтай, 47 нь өндөр настан болон асран хамгаалагчтай, 2 нь хөгжлийн бэрхшээлтэй, 26 нь эрүүл мэндийн шалтгаантай, 64 нь визний хугацаа, санхүүгийн хүндрэлтэй зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай. Харин Филиппин Улсын Сэбү арлаас мөн 29 иргэн ирээд юм. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, "Амар” зочид буудал, "Баянбайгаль”, "Баянхангай” сувилалд тусгаарлах юм.
Улаанбаатар-Сидней-Улаанбаатар чиглэлийн анхны тусгай үүргийн нислэгийг "МИАТ” компанийн Ж.Доржнамжил ахлагчтай баг үйлдэж нэг талдаа 10 мянга гаруй км зам туулсан байна. Гадаад харилцааны яам, "МИАТ” компани нь Австрали, БНХАУ, Хонконг, Индонези, Филиппин улстай хөөрөлт, буулт үйлдэх, дамжин өнгөрөх зөвшөөрлийг дээрх орнуудад суугаа болон хавсран суугаа Элчин сайдын яамдаараа дамжуулан дипломат шугамаар хэлэлцэж авсан гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.