| |
Хөл хорионы үеэр залуус сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй гэв
Олон улсын залуус туршлагаа ярилцах, Засгийн газрынхаа авч хэрэгжүүлж буй бодлогод ямар сэтгэгдэлтэй байгаа зэргийг хуваалцах "Global Call – Let’s Connect” цахим хэлэлцүүлгийг НАМЗХ-ны залуус зохион байгуулжээ.
Коронавирусийн халдвар дэлхий даяар тархаж улс орнууд хөл, хорио тогтоосон хэвээр байна. Энэ үеэр нийгмийн хамгийн идэвхтэй хэсэг болох залуусын хувьд ажил, мэргэжил ба чөлөөт цагаа өнгөрүүлэх гэхчлэн амьдралын хэв маягт нь хамгийн их өөрчлөлт гарч буй. Энэ тухайд олон улсын залуус туршлагаа ярилцах, Засгийн газрынхаа авч хэрэгжүүлж буй бодлогод ямар сэтгэгдэлтэй байгаа зэргийг хуваалцах "Global Call – Let’s Connect” цахим хэлэлцүүлгийг НАМЗХ-ны залуус зохион байгуулжээ. Уг хэлэлцүүлэгт Нью-Йорк, Бостон, Ром, Москва, Сингапур, Бээжин, Тайпэй, Сөүл зэрэг нийт 12 хотоос залуус оролцож нөхцөл байдлын талаарх мэдээллээ хуваалцсан байна.
Залуус олон нийттэй цагийг өнгөрүүлэх нь хязгаарлагдаж, гэртээ хэтэрхий удаан байгаа нь тэсвэрлэхэд бэрх байгааг ихэвчлэн дурьджээ. Фитнест тогтмол хичээллэдэг байсан нь зогсож, таргалалт нэмэгдэж үүнийг дагаад стресс нэмэгдэж байгааг ч Бээжингийн олон улс судлалын сургуулийн оюутан онцолжээ. Гэсэн ч энэ хориог хамгийн урт хугацаанд туулж байгаа хүний хувьд Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлыг мөрдөх нь л энэ вирусийн тархалтыг зогсоож, даван туулах арга гэдгийг хэлж байлаа.
Залуусын хувьд түгээмэл тулгамдаж буй бэрхшээл нь сэтгэцийн эрүүл мэнд гэж байв. Амьдралын хэв маяг өөрчлөгдөж, олон нийтээс тусгаарлагдаж, харилцааны орчин хязгаарлагдмал болсноор сэтгэл санааны хувьд өөрчлөлт гарч байгаа учраас энэ тал дээр илүүтэй анхаарахыг захиж байсан юм. Түүнчлэн дэлхий даяараа нэг л ижил нөхцөл байдалтай тулгарсан энэ цаг үеийг хамтдаа даван туулах нь чухал гэдгийг "Global Call”-ийн үеэр онцолж байсан юм.
Мөн хэлэлцүүлгийг монгол хэлээр үзэж залуусын санал, бодлыг сонсох боломжийг НАМЗХ олгож байна. Тэдний Facebook хуудаст дүрс бичлэг удахгүй тавигдах юм байна.