| |
Цагаан ордон олноор цуглахгүй байхыг зөвлөжээ
ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусний халдварын тархалтыг хязгаарлах үүднээс ирэх 15 хоногийн хугацаанд мөрдөх шинэ удирдамжийг танилцуулжээ.
Уг удирдамжид 10-аас олноор цуглахаас зайлсхийж, боломжтой тохиолдолд гэрээсээ ажлаа хийж, сургуульдаа хамрагдахыг уриалсан байна. Мөн өндөр настай болон хөнгөн шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг гэртээ байхыг зөвлөжээ. "Бид үл үзэгдэгч дайсантай тулгарлаа хэмээн Д.Трамп хэлээд, уг халдвар маш амархан халдварладгийг онцолсон байна.
АНУ-ын Ерөнхийлөгч, халдварын улмаас дэлхий даяар олон мянган хүн нас барсныг тэмдэглээд, үүнээс үүдэлтэй хямрал ирэх долоо эсвэл наймдугаар сар хүртэл үргэлжилж болзошгүй хэмээн хэлжээ. Мөн үүнээс удаан үргэлжлэхийг тэрбээр үгүйсгээгүй байна.
АНУ-д коронавирусний халдварын 4600 гаруй тохиолдол бүртгэгдэж, 85 хүн нас баржээ. Жон Хопкинсийн нэрэмжит их сургуулийн судлаачдын тооцоолсноор, "COVID-19” халдвар дэлхий даяар 180 мянга гаруй хүнд халдварлаж, 7100 гаруй хүн нас баржээ.