|
Видео

Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг албан тушаалаа ашиглан дүүгийнхээ компанид ЖДҮ-ийн зээл авсан нь

 

 

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг албан тушаалаа ашиглан дүүгийнхээ компанид ЖДҮ-ийн зээл авсан нь

Эх сурвалж:/ Өдөр тутмын сонинуудын "Эрэн сурвалжлагч” нэгдэл /

…..Б.Саранчимэгийн дүү Б.Одончимэгийн "Сингапурхэльткейр сентр” ХХК нь ХХААХҮ-ийн сайдын 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 тоот тушаалд багтсан. Энэ тушаалын дагуу 2018 оны наймдугаар сарын 6-нд ЖДҮХС-гийн Төрийн банк дахь 100900037019 тоот данснаас 900 сая төгрөг шилжүүлэн авчээ. Тус компаний нэрийн ард Б.Саранчимэгийн нэрийг бичээд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг зарим гишүүний компаниудын хамт ЖДҮХС-гийнханд өгчээ

Дараахан нь ЖДҮХС-гийн захирал

С.Төгсбилэгийг Төрийн ордонд явж байхад нь УИХ-ын гишүүн Б.Саранчимэг тааралдаад "Танай сайдын өгсөн чиний 9911……. дугаар холбогдохгүй байна. Ямар дугаар дээр байна вэ” гэж асуусан байгаа юм. С.Төгсбилэг 8888…… дугаараа хэлэхэд утсан дээрээ тэмдэглэж аваад "Би сайдтай чинь ярьчихсан. Манай нөхдүүдийн төслийн материал их сайн байх ёстой. Би авах ёстой юмаа авна. Танай сангийнхан санхүүжилтийн дүнг их хасдаг гэсэн шүү. Тэгмээргүй байна шүү” гэжээ.

Тушаал гарсны дараа гэрээ байгуулах ажил явагдаж байх үеэр Барьцаа хөрөнгө судлах, үнэлэх ажлын хэсгийн дарга Ж.Баасандорж ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгт "…"Сингапурхэльткейр сентр” ХХК-ийн барьцаа хөрөнгө болох "Дүнжингарав” худалдааны төвийн 6 м.кв талбайтай павильонуудыг хэт өндөр үнэлж барьцаанд тавих гээд байна” гэж танилцуулжээ. Уг нь ЖДҮХС-гийн барьцаа хөрөнгө үнэлэх журамд үйлдвэр үйлчилгээний талбайг 1 м.кв-ыг нь 2.0 сая төгрөгөөр үнэлэх учиртай юм байж.

Гэтэл "Сингапур¬хэльткейр сентр” ХХК-ийн уг павильонуудыг худалдаж авсан гэрээ дээрх үнэ нь хэт өндөр байсан байна. Тиймээс ЖДҮХС-гийн захирал, ажлын хэсгийн дарга хоёр "Сингапурхэльткейр сентр” ХХК-д зохих журмын дагуу шаардлага тавих ёстой гэж тохирчээ. Үүнийхээ дагуу асуудал тавьж, нөгөөх компани нь тэр чигтээ гүрийсээр нэлээд хугацаа өнгөрсөн байна.

Улмаар "Сингапур¬хэльткейр сентр” ХХК-тай гэрээ байгуулж, санхүүжилт олгох боломжгүй гээд буцаажээ. Ингэсний дараахан УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг рүү утсаар ярьсан байна. Тэгэхдээ "Барьцаа нь хангагдчихаад байхад танай нөхдүүд болохгүй байна гээд тээглээд байна гэнэ ээ. Танай ажлын гадаа манай дүү байгаа. Чи манай дүүтэй уулзаад ямар учиртайг нь нэг сонсоодохооч” гэжээ.

Удалгүй Б.Саранчимэг гишүүний дүү гэх эмэгтэй ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг рүү утсаар ярьж "…"Сингапурхэльткейр сентр” ХХК-ийн захирал Б.Одончимэг байна. Орж уулзъя” гээд өрөөнд нь орж уулзсан байна. Тэрээр барьцаа хөрөнгийнхөө гэрээг үзүүлж "Ийм өндөр үнээр авсан павильонууд байгаа юм. Энэ үнээр нь барьцаанд тавимаар байна” гэжээ. Тэгэхэд нь ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг Барьцаа хөрөнгө судлах, үнэлэх ажлын хэсгийн дарга Ж.Баасандоржийг өрөөндөө дуудаад ямар учраас шаардлага хангахгүй байгааг нь тайлбарлуулжээ. Тэгсний дараа УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн дүү Б.Одончимэг цүнхнээсээ газрын гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ зэргийг гаргаж, барьцаандаа нэмэх тухайгаа хэлсэн байна. Гэсэн ч барьцаа хөрөнгө нь хүрээгүй тул учир байдлыг ойлгуулаад УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн дүүг гаргажээ.
Гэтэл УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг рүү утсаар залгаж "Яасан бэ, дахиж барьцаанд тавих хөрөнгө байхгүй шүү дээ. Байгаагаар нь л барьцаанд тавьчихмаар байна” гээд тайлбар сонсолгүйгээр "Чиний эрх хэмжээний асуудал шүү дээ. Сайдтай чинь ярих хэрэггүй гэж бодож байна шүү” гээд утсаа салгажээ. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг рүү иймэрхүү байдлаар хэд хэдэн удаа утас цохиж ярьсан байна.

Удалгүй сайд Б.Батзориг нь ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг рүү ярьж "Саранчимэг гишүүний асуудлыг шийдвэрлэ” гэдэг үүрэг өгсөн байна.

Улмаар ЖДҮ-гийн санхүүжилтийн Барьцаа хөрөнгө судлах, үнэлэх ажлын хэсгийнхэн "Сингапурхэльткейр сентр” ХХК-ийнхантай нэлээд юм болж байж барьцаа хөрөнгийг "тэнцүүлсэн” байгаа юм.

Дүгнэлт: УИХ-ын гишүүн болоод өргөсөн тангараг гэж бий. " Монгол улсын их хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхолыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж,гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая” гэж тангараг өргөнсөн Б.Саранчимэг нийт иргэн, улсын ашиг сонирхолыг биш гэр бүлийнхээ ашиг сонирхолыг эн тэргүүнд тавьсан нь тангарагаасаа няцсан үйлдэл юм. Тангарагаасаа няцсаныхаа төлөө нийт ард түмэн сонгогчдоосоо уучлалт гуйгаад албан тушаалаасаа татгалзаж яагаад чадахгүй байна вэ? Ийм л хүмүүсийг ах дүүсээр нь, үе улируулан сонгож ирсэн бидний алдаа.Тэдний минь байж буй царай юм даа

Сэтгүүлч: Б.Отгон

TAC.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.