|
Видео

Шинэ мэдээ

Михаил Мишустин гэж хэн бэ?

Михаил Мишустин гэж хэн бэ?

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевийн Засгийн газар огцорч, Ерөнхийлөгч Владимир Путин Михаил Мишустинийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн. Улмаар ОХУ-ын Төрийн Дум Ерөнхий сайдын албан тушаалд М.Мишустинийг томилох зөвшөөрөл өгч, Ерөнхийлөгч В.Путин түүний томилох зарлигт гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болсон билээ.

 ОХУ-ын шинээр томилогдсон Ерөнхий сайд Михаил Мишустин гэж хэн бэ? 

Холбооны улсын Татварын албаны даргаар 10 гаруй жил ажилласан Михаил Мишустин нь 1966 онд Москва хотод төржээ. 1989 онд Москвагийн Технологийн их сургуулийг инженер мэргэжлээр төгсөж, дараа нь магистрын зэрэг хамгаалсан байна.

 1992 онд М.Мишустин Барууны дэвшилтэт мэдээллийн технологийг татах зорилготой, арилжааны бус Олон улсын компьютерын клубт ажиллаж эхэлсэн байна. Зургаан жилийн дараа, 1998 онд тэрбээр Холбооны татварын албаны мэдээллийн системийн татварын төлбөр хүлээн авахад хяналт тавих, нягтлан бодох бүртгэл хариуцсан даргын туслахаар төрийн албанд томилогджээ. 

Тухайн онд түүнийг татвар, орлогын дэд сайд албан тушаалд дэвшүүлсэн байна. Дараа нь 2004-2006 онуудад Холбооны үл хөдлөх хөрөнгийн кадастрын агентлагийн даргын албан тушаалыг хашиж байгаад дараа нь Эдийн засгийн хөгжлийн яамны харьяа Эдийн засгийн тусгай бүсүүдийг удирдах холбооны агентлагийн даргаар томилогдсон байна.

2008 онд Мишустин төрийн албыг орхиж, бүс нутагт бизнесийн төслийг хөгжүүлэх, үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "UFG Capital Partners” хамтарсан хөрөнгө оруулалтын компанид ажилласан боловч 2010 онд төрийн албанд буцаж Холбооны татварын албаны даргын албыг хаших болжээ. 

М.Мишустин эдийн засгийн ухааны докторын зэргийг хамгаалсан бөгөөд 40 гаруй судалгааны өгүүлэл, нэг сэдэвт бүтээл гурвыг туурвисан байна. Тэрбээр эхнэр гурван хүүгийн хамт амьдардаг. 

М.Мишустин Холбооны татварын албанд ажиллаж байхдаа татварын технологийг баталгаажуулсан нь олны талархлыг хүлээжээ. Тэрбээр төвлөрсөн шалгалтыг задлан шинжлэх шалгалт руу шилжүүлж, татварын системийг шинэчилсэн байна. М.Мишустин нь иргэд болон татварын алба хоорондын харилцааг хөнгөвчлөх хэд хэдэн шинэ санаачилга гаргасанаас гадна татварын олон үйлчилгээг цахимаар авах боломж бүрдүүлжээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.