|
Видео

Шинэ мэдээ

13-11-2019, 13:37

Хэлмэгдэл ба сургамж

Хүн төрөлхтөн, тэр дундаа Монголчууд түүхэн хөгжлийн явцдаа байнга л өөр хоорондоо тэмцэлдэн дайтаж, хөнөөлдөж байсан.

Эрт цагт нийтлэг байсан хэн нь зөв бурууг тодорхойлох боломжгүй, аливаа яриа хэлцэлгүйгээр алалдан тулалдах, хүчтэй нь хүчгүйгээ шууд уулгалан ямарваа шалтгаан үндэслэлгүйгээр олзлон боолчлох, алж устгадаг байсан нь өнөө үеийн хилс хэрэг, хэлмэгдүүлэлттэй ойролцоо агуулгатай.

Хэдий бусдын эрх ашиг, амь насыг шууд хүчирхийлэн үгүйсгэж байгаагаараа хэлмэгдүүлэлттэй утга ойролцоо ч тэр бүдүүлэгт цагт хүчтэй нь хүчгүйгээ эзлэн, устгана гэсэн бичигдээгүй дүрэм нь тов тодорхой байв. Харин энх цагийн, соёлт ертөнцийн хууль дүрэм байгаа мэт атлаа түүнийгээ уландаа гишгэн, хэн засаг барьж байгаа нь, хэн хүчтэй нь, явцуу үзэл суртал, эсвэл ердөө хувийн сонирхолд хөтлөгдөн дуртай хүнээ хилсдүүлэн тамлах, амийг нь хоморголон хөнөөх явдал бол орчин цагт байх ёсгүй балмад явдал билээ.

Эртний Монголчуудын хоорондын зөрчил болон хэлмэгдүүлэлтийг хамт дурдсаны учир бол хүчтэй нь хүчгүйгээ дарамтлан устгах хүний цаад мөн чанар болон түүнийг тойрон орших сэдэл, үйлдлүүд төстэй, иймээс болсон явдлыг ойлгох, авах сургамжийн хувьд нэг гэж үзсэнийх юм.

Улс төр бол эрх мэдлийн төлөө тэмцэл учир өрсөлдөөн, атаа жөтөө, зөрчил алхам тутамд хаана ч, хэзээ ч, хэн ч байсан гарч байдаг зүйл.

Гэхдээ улс төр, үзэл бодлын зөрчлөө хүчээр муйхарлан шийдвэрлэх, тэр дундаа гадны хүчийг ашиглаж өрсөлдөгчөө дарах, намнах гэсэн богинохон хараатай, хувийн жижиг сонирхол эцэст нь өөрсдийгөө нэгбүрчлэн устгаж, хэн нь ч хожилгүй, нийтлэг том эрх ашиг, улс орноо бусдад найр тавин өгдөг жамтай.

Үүнийг бид харийн том ашиг сонирхолтой хүч хавсран өрсөлдөгчдөө хурдан дарж авах гэсэн ухвар мөчид, гэнэн үйлдлийг эртний өвөг Монголчууд, бага хаад, Ойрд Халхын түүхээс олонтаа хардаг.

Энэ зүй тогтол социалист Монголын үед гадны ашиг сонирхол хутгалдсан их бага хэлмэгдүүлэлт, биесээ гүжирдэн алуулах, хилсдүүлэн хохироох хэлбэрээр оршсоор, харин ч бүр нарийсан хөгжсөөр ирсэн нь харамсалтай. Ардын хувьсгалын гол лидер, цогтой эх оронч С.Данзан өөрийн өчүүхэн улс төрийн амбицаасаа болж ямар ч гэмгүй нөхөр Д.Бодоогоо Коминтерны тусламжтай 1922 онд хөнөөснөөр Монголчууд бусдад ашиглагдан биесээ хөнөөх эмгэнэлт түүхийн цуврал эхэлсэн нь харамсалтай.

С.Данзанд улс төрийн амбиц, өрсөлдөөн, хувийн жижиг сонирхол мэдээж байсан биз, харин тухайн аллагыг үйлдэгч түнш Коминтернд тэрнээс нь ч том эрх ашиг, хэнийг нь ч гишгэчээд гарах том төлөвлөгөө байлаа. Тэр төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд С.Данзан өөрөө шаардлагагүй болсон тул талийгч Д.Бодоогийнхоо араас 2 жилийн дараа явсан, яг тэр замаар нь.

Харин С.Данзангийн оронд бас хэдэн Монгол залуу С.Данзанг хилсдүүлэх ажлыг гардан гүйцэтгэж, гараараа могой барьцгаасан. Тэд ч өөрсдөө удалгүй бас хэсэг гэнэн Монголчуудынхаа гараар дамжин, аллагын машинд орцгоосон. Иймэрхүү байдлаар нэгээс эхэлсэн хэлмэгдүүлэлтэд өртөх хүний тоо цуврал бүрт нэмэгдсээр 1937 онд хоморголсон их аллага болж оргилдоо хүрсэн байдаг. Гол гэрч, зохион байгуулахад байлцсан маршал Х.Чойбалсан 1952 онд Москвад нас барснаар (үхүүлснээр) их хядлагын төсөл Монголд төгсөж, эзэн найруулагч нь хядлагын ажлаа дүгнэж, хаасан бизээ.

Суурь нөхцөл, нийгмийн тогтоц нь байсан цагт хэлмэгдүүлэлт, хавчлаг зогсохгүй нь ойлгомжтой. Цаашид хэлмэгдүүлэлт шууд аллага дүрээр биш ч сэхээтний төөрөгдөл, матаас гүтгэлэг хэлбэрээр биесээ үгүйсгэн устгах, дарамтлан доромжлох цуврал түүх үргэлжилсэн билээ.

Хэдий Монголчууд хэлмэгдүүлэлтийн загварыг өөрсдөө зохиож, гардан хийгээгүй боловч биесээ барьж өгөх, гүтгэх, гүйцэлдүүлэх ажлыг гарамгай хийж ирсэн нь урьдын ноёд Манжтай нийлэн Монголоо нэгтгэнэ хэмээн цэргийг нь замчлан нутагтаа авчирч гэнэддэгтэй агаар нэг зүйл юм.

Гадаад гүрний том сонирхолтой хавсран жижиг сонирхлоо гүйцэлдүүлэх оролдлого бүр бүтэлгүйтэж, үүнийг хөнгөхөн ашиглахыг оролдсон хэнбугай ч өөрөө дараагийн өгөөш, золиос болж устгагддагийг Монголын хэлмэгдлийн, хэт үзэл сурталжсан улс төрийн түүх бас дахин давтан нотлон өгүүлсээр, сануулсаар байна.

Б.НАЙДАЛАА

2019 оны 9 сарын 10.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.