![]() |
Татвар, төлбөрөө төлөөгүй жолоочийн бичиг баримтыг хурааж, торгоно
Тус ажлыг Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн татварын газар, дүүргийн Татварын болон Замын цагдаагийн хэлтэс хамтран зохион байгуулах аж. Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт тус бүр хяналтын 2 пост, алслагдсан 3 дүүрэгт тус бүр 1 пост, нийт 15 цэгт татварын болон замын цагдаагийн 30 албан хаагч хяналтын үзлэг шалгалт хийх юм.
Улаанбаатар хотын ерөнхий менежер, Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр "Албан татварын, төлбөр хураамжийн төлөвлөгөө энэ сарын 1-ний байдлаар 81.9 хувийн биелэлттэй байгаа нь хангалтгүй үзүүлэлт. Нийслэлийн хэмжээнд улсын бүртгэлтэй нийт 495 мянган тээврийн хэрэгсэл байдаг. Өнөөдрийн байдлаар 300 гаруй мянган тээврийн хэрэгсэл төлбөр хураамжаа төлсөн. Үлдсэн 100 гаруй мянган тээврийн хэрэгсэл төлбөр хураамжаа төлөхгүй замын хөдөлгөөнд оролцож байна. Ийм учраас бид 14 хоногийн хугацаанд тээврийн цагдаагийн зохицуулагч нар тусгай төхөөрөмж ашиглан төлбөр хураамжаа төлөөгүй тээврийн хэрэгслийг зогсоож, бичиг баримтыг нь хураан нийслэл, дүүргийн татварын байцаагч нарт шилжүүлэн хууль дүрмийн дагуу торгуулийн арга хэмжээ авна” гэсэн юм.
