| |
"Цагаан хад", "Гашуун сухайт" хилийн боомтод албаныхан ажиллаж байна
Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Дашдоржоор ахлуулсан ажлын хэсэг 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Ханбогд сумын нутаг дэвсгэрийн "Гашуун сухайт” хилийн боомт хүртэлх 237 километр авто замаар нүүрс тээвэрлэгч байгууллага, иргэдийн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, авто замын тэмдэг, тэмдэглэгээ эвдрэлийн байдалд үзлэг хийж, Ханбогд сум дахь цагдаагийн хэлтэс, тасаг, Өмнөговь аймгийн гэрээт цагдаагийн тасгаас 2018 онд замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, гудамж замын хөдөлгөөнд тавих хяналт, шалгалтын чиглэлээр хэрэгжүүлсэн ажилтай танилцаж, үнэлэлт дүгнэлт өгөх, зөвлөн туслах мөн жолооч нарт шинэчлэн батлагдсан Замын хөдөлгөөний дүрэм, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн талаарх сургалт явуулан, тэдний санал хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэн ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сум, Ханбогд сумын Хайрхан баг "Цагаан хад”-ийн нутаг дэвсгэрт нүүрс тээвэрлэлтийн ажил эрхэлдэг тээврийн байгууллагын 550 жолооч нарт сургалт орж, 12 дугаар сарын 16-ны өдөр "Гашуун сухайт” хилийн боомтод ирж ажилласан Зам, тээврийн хөгжлийн сайд, Эрүүл мэндийн сайд нарт зам тээврийн гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, жолооч нарын хөдөлмөрлөх нөхцлийг сайжруулах, аюулгүй ажиллагааг хангах, тэднийг осол гэмтлээс хамгаалах чиглэлээр зохион байгуулах ажил, арга хэмжээний талаарх саналаа танилцуулан ажиллалаа.
Т.Гэрэл