| |
“Нарантуул”-ын үйл ажиллагааг хэвийн явуулж эхэллээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Хурлаар олон улсын "Нарантуул” худалдааны төвд гарсан гал түймрийн асуудал болон нөхцөл байдлын талаар хэлэлцсэн байна.
Онцгой комиссын гишүүдэд танилцуулсанаар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, "Нарантуул” худалдааны төвийн бөс барааны задгай саравчтай хэсэгт өнгөрсөн 03-нд шилжих шөнийн 03 цаг 39 минутанд Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 101 дугаарын утсанд галын дуудлага иржээ.
Дуудлагаар гал унтраах аврах 10 дугаар ангийн тасгийг 03:40 цагт гаргаж, гал түймэр гарсан газарт 03.49 цагт хүрэлцэн очиж гал унтраах үйл ажиллагаа явуулж, нэмэлт дуудлагаар Нийслэлийн онцгой байдлын газрын 14, 18, 26, 29, 30, 34, 35, 63 дугаар ангиуд болон Нийслэлийн аврах анги гарч гал түймэр унтраах үйл ажиллагаанд оролцож аврах техник, хүч хэрэгсэлтэйгээр нийт 102 алба хаагч ажиллаж галыг 04.50 цаг гал түймрийн тархалтыг зогсоон 10.24 цагт гал түймрийг бүрэн унтраасан байна. Цаг агаарын нөхцөл байдал хүнд байсан хэдий ч Онцгой байдлын албан хаагчид мэргэжлийн өндөр түвшинд, түргэн шуурхай ажиллаж тус худалдааны төвийн бөс барааны зүүн хэсэгт байрлах 7 эгнээ бүхий 300 гаруй лангууны бараа материалыг галын аюулаас сэргийлж чадсан байна. Мөн гал түймрийн улмаас шатсан саравчны төмөр хийц бүтээцийг яаралтай зөөвөрлөх, шилжүүлэх ажлыг өнгөрсөн баасан гарагт хийсэн аж.
Одоогоор тус худалдааны төвийн тодорхой хэсэгт хамгаалалт гаргаж, бусад хэсгийн үйл ажиллагааг хэвийн явуулж эхлээд байна.
О.Сайхан