|
Видео

Шинэ мэдээ

Тэлээгээ чангалсан иргэдийн тэвчээр хэзээ алдрах вэ

Тэлээгээ чангалсан иргэдийн тэвчээр хэзээ алдрах вэ

 

Ковид монголчуудын амьдралд нөлөөлж, өрхийн эдийн засгийн түвшин эрс доошилсон гэхэд болно. Хувийн хэвшлийн албан байгууллага ажилтнуудаа ажлаа гэрээсээ хийх шаардлага тавьж, зарим нь ажилдаа ээлж ээлжээр явж ажиллаж байгаа. Тиймээс 50 хувийн цалин авна гэсэн үг. Харин төрийн болон төсвийн байгууллагын ажилтнуудын цалин бүрэн орж байгаа учир байдал өөр. Хуулиараа цар тахлын цаг үед ажлын байрыг нь хадгалах үүрэгтэй учир хэн хэн нь хичээн ажилласаар хэдэн сарыг үдэх төлөвтэй. Харин өрхийн эдийн засгийн судалгаагаар "2020 оны дөрөвдүгээр улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого, оны үнээр 1.4 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 49.5  мянган төгрөг буюу 3.6 хувиар өсөж,  өмнөх улирлаас 88.1 мянган төгрөг буюу 5.8 хувиар  буурсан” гэсэн үзүүлэлт гарчээ. Энэ нь бодит тооцоо гэхэд эргэлзээ төрүүлмээр. Ажилгүйдэл нэмэгдэж, ажилтай нэг нь тал цалингаар амьжиргаагаа залгуулж байхад 3.6 хувиар өсөх боломжгүй юм. Жишээ нь сардаа нэг сая төгрөгний өрхийн орлоготой айл дээрх шалтгаанаас болж сардаа 500 мянга хүрэхтэй үгүйтэй төгрөг авч байгаа.

Нэг нь ажил хийдэг, нэг нь хувиараа бизнес эрхэлдэг байлаа гэж бодоход  бизнес эрхлэгчдийн ажил тэг зогсолт хийсэн. Тэгэхээр сул зогсолттой хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд май гээд өгөх хэн ч байхгүйн дээр харин ч түрээсний мөнгө хий дэмий төлж суугаа. Эхийг нь эцээж тугалыг нь тураахгүйхэн шиг явсаар энэ цар тахлыг даваад гарвал нийгмийн эдийн засгаа дагаад өрхийн орлого ч сайжирна. Засгийн газраас 2021 оны долоодугаар сарын 1-ний өдөр хүртэл Төрөөс хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгож, НДШ-д ч хөнгөлөлт үзүүлсэн. Мөн Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авдаг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өнчин хүүхэд, өрх толгойлсон эцэг эх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгодог тэтгэвэр, тэтгэмжийг  энэ оны эхний хагас жил хүртэл 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, сар бүр 288.000 төгрөг олгохоор тусгасан.

Цар тахлын үед иргэдийн худалдан авах чадвар эрс муудсаны дээр өрхийн сарын дундаж бодит нийт зарлагын хэмжээ өмнөх улирлаас 5.3 хувиар буурсан аж. Жишээ нь, хүнсний бүтээгдэхүүний бодит зарлага 14  (5.7 хувь) мянган төгрөгөөр, хүнсний бус бараа, үйлчилгээний бодит зарлага 37.7 (4.9 хувь) мянган төгрөгөөр буурсан нь судалгаагаар харагдаж байна. Өрхийн нийт зарлагыг өрхийн мөнгөн зарлага, өрхийн өөрийн аж ахуйгаас бэлтгэж хэрэглэсэн болон бусдаас үнэгүй авч хэрэглэсэн зүйлийн мөнгөн дүнгүүдийн нийлбэрээр тодорхойлдог. Өрхийн сарын дундаж мөнгөн зарлагыг бүтцээр нь авч үзвэл, хүнсний бус бараа, үйлчилгээний зарлага 68.2 хувь, хүнсний бүтээгдэхүүний зарлага 21.5 хувь, бусад зарлага 8.5 хувь, бусдад өгсөн бэлэг, тусламжийн зарлага 1.8 хувийг тус тус эзэлдэг. Тэгвэл цар тахлын үед иргэдийн худалдан авах нэн тэргүүний хэрэгцээ нь хүнсний бараа бүтээгдэхүүн болоод байна. Иргэд бусад хэрэгцээгээ танаж олсон орлогынхоо 60-аас дээш хувийг хоол хүнсэндээ зориулж байгаа гэдэгтээ санал нийлэхгүй хүн гарахгүй биз ээ. Айл өрх, хороолол хотхоныг дагасан найман нэрийн хүнсний дэлгүүр, супермаркетуудаар өдөр тутмын хоол хүнсээ базаасан хүмүүс л дүүрэн байгаа бол гэр ахуйн тавилга, бусад бара бүтээгдэхүүн, хувцас барааны дэлгүүрийн орлого эрс буурсан.

Хүнсний дэлгүүр бүхэн өрийн дэвтэртэй. Өмнө нь танил тал биш л бол өр зээл өгдөггүй байсан дэлгүүрүүд ковидын үед уян хатан хандаж бичиг баримт, карт зэргийг нь барьцаалан өр зээл  өгдөг болжээ. Дээрх өрийн дэвтрийг нь гүйлгээд үзвэл, хүнсний ногоо, талх боов, сүү тараг, ариун цэврийн цаас, цэвэрлэгээ ариутгалын бодис,  тэр ч бүү хэл амны хаалт зэрэгт өр тавьсан харагдах. Өнөө маргаашийн хоолоо дөнгөн данган залгуулж байгаа дүр зураг ч бууна. Хотын төвд байдал ийм байга бол хотын захын гэр хорооллуудаар хоолгүй, галгүй айл хэд байгааг тоолох аргагүй.

 

Хүнсний дэлгүүр бүхэн өрийн дэвтэртэй. Өмнө нь танил тал биш л бол өр зээл өгдөггүй байсан дэлгүүрүүд ковидын үед уян хатан хандаж бичиг баримт, карт зэргийг нь барьцаалан өр зээл  өгдөг болжээ. Дээрх өрийн дэвтрийг нь гүйлгээд үзвэл, хүнсний ногоо, талх боов, сүү тараг, ариун цэврийн цаас, цэвэрлэгээ ариутгалын бодис,  тэр ч бүү хэл амны хаалт зэрэгт өр тавьсан харагдах. Өнөө маргаашийн хоолоо дөнгөн данган залгуулж байгаа дүр зураг ч бууна. Хотын төвд байдал ийм байга бол хотын захын гэр хорооллуудаар хоолгүй, галгүй айл хэд байгааг тоолох аргагүй. Энэ бүхний цаана бяцхан үрсийн дархлааны асуудал хөндөгдөж байна. Хоол тэжээлээрээ авч байх ёстой шим тэжээлээ авч чадахгүй амин дэмийн дутагдалд орсон үрс олширсоор байна. Өрхийн орлого буурахад дагах сөрөг нөлөөг дурдаад байвал олон. Наанадаж гэр бүлийн явган хэрүүл тасрахгүй, хүний анхдагч хэрэгцээ болсон идэх уух, өмсөж зүүх хэрэгцээгээ хүн хангаж чадахгүй болохоор хүмүүст сэтгэл зүйн дарамт үүсдэг гэдгийг сэтгэл зүйч онцолсон. Монголд ковидын вакциныг яаралтай оруулж ирж иргэдээ дархлаажуулчихвал энгийн амьдралын горимд шилжих юм. Энгийн амьдралдаа шилжиж эдийн засгийн байдлаа хэвийн байдалд оруулахын тулд багагүй хичээл зүтгэл, хөдөлмөр шаардах нь дамжиггүй. Тэр болтол тэлээгээ чанга бүсэлсэн иргэдийн тэвчээр хэзээ алдрахыг хэлж мэдэхгүй юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.