| |
Видео
Шинэ мэдээ
Шүүгдэгч 343.3 сая төгрөг завшснаа 500.000 төгрөгөөр төлөх хүсэлт гаргажээ
"Монре даатгал” компанийн Нөхөн төлбөрийн албаны дарга Д.Алтансүх өөрийн найз Т.Гантулга, Д.Зоригтбаатар нартай үгсэн хуйвалдаж албан тушаалын давуу байдлыг ашиглан компанидаа 343.3 сая төгрөгийн хохирлыг учруулжээ.
Тэд 2017 оны нэгдүгээр сараас 2018 оны дөрөвдүгээр cap хүртэлх жил гаруйн хугацаанд замын цагдаагийн тодорхойлолт, хохирлын үнэлгээний тайлан, зам тээврийн ослын газрын үзлэгийн тэмдэглэл зэрэг материалыг удаа дараа хуурамчаар бүрдүүлж, жолооч нарт нөхөн төлбөр олгох нэрийдлээр уг мөнгийг компаниасаа гаргаж авсан байна.
ТЦА болон хохирлын үнэлгээний компаниас тэдний ашигласан 76 тохиолдлыг нарийвчлан шалгаж үзсэний эцэст тэдгээр дуудлага мэдээллийн санд бүртгэгдээгүй бөгөөд хуурамч болохыг нь тогтоожээ.
Тэдний эдгээр үйлдэлтэй холбогдуулан Прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн 18.15-2.1, 2.2, 2.3-т заасан "Албан тушаалын эрх, үүргийн дагуу байгууллагын мөнгөтэй харьцах, даатгалын нөхөн төлбөрийг өөрийн эрх мэдлийн хүрээнд олгох боломжийг ашиглан, бусадтай бүлэглэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар хууль бусаар их хэмжээний даатгалын нөхөн төлбөрийг авсан” гэх үндэслэлийн дагуу яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хүргүүлсэн байна.
Шүүх хурлын үеэр шүүгдэгч Д.Алтансүх "Өөрийн учруулсан хохирлыг сард 500 000 төгрөгөөр тооцон график гарган төлье, тэнсэн харгалзах ял оноож өгөөч” гэх хүсэлтийг гаргасан аж.
Уг хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцсэн бөгөөд Д.Алтансүхэд хоёр, Д.Зоригтбаатар, Т.Гантулга нарт тус бүр нэг жил хорих ял шийтгэх ял оноосон байна. Гэвч шүүгч нар шийтгэх тогтоолд нэг жилийн хорих ял оноосноо нэг жил зургаан сар гэж бичсэн нь алдаа болж, давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой байх шаардлага хангаагүй үндэслэлээр хүчингүй болгож, дахин шийдүүлэхээр буцаажээ.
Undesten.mn