|
Видео

Шинэ мэдээ

Тагнуулын дарга уу, уул уурхайн олигарх уу?

 

Тагнуулын дарга уу, уул уурхайн олигарх уу?

 

Монгол улсын Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл өөрийн төрсөн хүү Г.Аранзалын нэр дээр бүртгэлтэй "Пантатерра” компаниар дамжуулаад Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг, Нарангийн голын дэргэд алт ухаж буй талаар улмаар энэхүү үйл ажиллагаа нь "урт нэртэй хууль” буюу Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг ноцтойгоор зөрчиж буй талаар өмнө нь нэр бүхий сайтууд мэдээлсэн.

Тэгвэл энэ удаад Д.Гэрэл дарга өөрийн төрсөн охин Г.Хулангаар дамжуулан Дархан-Уул аймгийн Шарын гол суманд байрлах Шарын голын уурхайг удирдаж байгаа талаар мэдээлэхийг зорьлоо. Г.Хулан 1985 онд Токио хотод төрсөн, Гадаад харилцааны мэргэжилтэй, 2018 оноос Шарын гол ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байна.

Шарын голын нүүрсний уурхай нь 1965 онд 1.1 сая тонн чулуун нүүрс олборлох, 5 сая куб.метр хөрс хуулах хүчин чадалтайгаар байгуулагдсан бөгөөд 1995 онд Хувьцаат компанийн хэлбэрт шилжиж, 2003 онд Төрийн өмчийн хорооны тогтоолоор 100% хувьчлагдсан байна. 2010 онд тус компанийн 54%-г АНУ-ын иргэн Жэймс Пассин "Файрбөрд менежмент” компаниараа дамжуулан авсан бөгөөд 2018 онд бүх хувьцаагаа зарчихжээ.

Тус компанийн гол хэрэглэгч нь Дархан, Эрдэнэт, Сэлэнгийн дулааны станцууд бөгөөд Монголын хөрөнгийн биржийн вебсайтаас авсан мэдээллээр Шарын гол ХК энэ онд 2-р улиралын байдлаар 27 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ.
Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх авилга авч, албан тушаалаа урвуулан авсан дарга даамлуудтай хариуцлага тооцно гэж удаа дараа мэдэгдсэн. Тэгвэл яг түүний харьяаны агентлаг болох Тагнуулын ерөнхий газрын дарга нь ямар мөнгөөрөө алтны болоод нүүрсний уурхайтай "олигарх” болчихсон бэ гэдгийг Авилгатай тэмцэх газрынхан шалгах цаг болжээ.

Д.Гэрэл даргын намтраас харахад, тэрээр 1952 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд Япон, Солонгос улсуудад элчин, зөвлөх, консулын хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2011 онд анх Тагнуулын ерөнхий газрын дарга болсон ба 2013 онд "Үүрэгт ажлаа хангалттай хийгээгүй” гэх үндэслэлээр чөлөөлөгдөж байв. Улмаар 2017 онд буюу 65 насандаа ахин Тагнуулын ерөнхий газрын дарга болжээ.

Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 41.2 дахь хэсэгт зааснаар, Төрийн алба хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар 65 нас байна гэж заасантай байдагтай холбогдуулаад түүний сүүлчийн томилгоог "хууль бус томилгоо” гэж үзэх хүмүүс цөөнгүй байдаг. Насаараа шахуу Гадаад хэргийн яамны шугамаар төрийн алба эрхэлсэн Д.Гэрэл дарга хууль зөрчин барин Монгол улсын нүд, чих байх үүрэгтэй Тагнуулын байгууллагын даргаар томилогдсоны цаад шалтгаан нь "уул уурхайн олигарх” болох хүсэлтэй нь холбоогүй л байгаасай...


Olloo.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.