|
Видео

Шинэ мэдээ

REGNUM: Оросоос Ази руу гарах цонх Тува, Монголын алинаар нь дайрах вэ?

Азийн зах зээл рүү гарах Оросын хамгийн боломжит хувилбар нь аль чиглэл байж болох талаар ОХУ-ын  Regnum  холбооны агентлагийн нийтлэлч Владимир Бадмаевын нийтлэлийг орчуулан хүргэж байна. 
Дэлхийн эдийн засаг Ази-Номхон далайн бүс нутаг руу чиглэж байгаатай холбоотойгоор, түүнчлэн хориг арга хэмжээний дайны улмаас сүүлийн арван жилд Оросын хувьд дорнод чиглэл ихээхэн ашигтай, сонирхол татсан чиглэл болоод байгаа юм. Энэ нь ч ирээдүйд баруун болон Евразийн дорнод хэсгийг тээврийн хонгилоор бат бэх холбох чадвартай "Бүс ба зам” төслийг хөгжүүлж буй  Хятадын зорилготой нийцэж байгаа. 
Азийн зах зээл рүү, нэн тэргүүнд Хятадын зах зээл рүү гарах  Оросын гол гарцууд болохын тулд Алс Дорнод, Өвөр Байгал, Буриад гээд хэд хэдэн бүс нутгууд өрсөлдөж байгаа юм. Буриадын хувьд Бээжингээс Транссиб хүрэх хамгийн дөт замтай гэдгээрээ давуу талтай. Мөн одоо байгаа дэд бүтэц нь энэ чиглэлд хөгжихөд дөхөм болж байгаа юм. 
2016 оны зургаадугаар сард Ташкентад болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Хятад, Монгол, Орос  гэсэн эдийн засгийн хонгил байгуулах хөтөлбөрт гурван улс гарын үсэг зурсан. Автомашины тээврээс гадна талууд энэ хонгилоор хий, газрын тос дамжуулах хоолой, төмөр зам, түүнчлэн холбооны шугам барих сонирхолтой байгаагаа ч илэрхийлж байлаа. 
Өмнө нь Регнум мэдээллийн агентлаг мэдээлж байсанчлан, 2018 онд Монгол улсаар дамжсан Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэгний тоо 50 гаруй хувиар өссөн байна. 2017 онд Монголоор дамжсан Хятад-Еврроп чиглэлийн ачааны галт тэрэг 556 байсан бол 2018 онд 865 болон нэмэгджээ. 
Гэхдээ төсөл хүлээж байсан үр дүндээ хүрэхэд хол байгаа бөгөөд үүнийг ч дээрх орнуудын төрийн тэргүүнүүд хүлээн зөвшөөрсөн юм. 
2017 оны дөрөвдүгээр сард БНХАУ-ын дарга Ши Жинпин хонгилыг байгуулах ажлыг хурдасгахыг уриалсан бол зургаадугаар сарын дундуур болсон гурван талт уулзалтан дээр Монголын Ерөнхийлөгч Х.Баттулга төсөл хэрэгжилт амжилтгүй байгааг цохон тэмдэглэж байв. 


"Гурван талт хамтын ажиллагааны явц зохих түвшинд хүрэхгүй байгаатай та бүхэн санал нийлнэ гэж бодож байна. Эдийн засгийн хонгил байгуулах хөтөлбөрийг батласнаас хойш гурван жилийн дотор гурван орны иргэдийн амьдралыг сайжруулах, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах ямар нэг бодит төсөл эхлээгүй ”  хэмээн Х.Баттулга мэдэгдэж байв. 

Түүнчлэн, гурван оронд тохирох бэлэн техник эдийн засгийн үндэслэлтэй нэг ч  төсөл одоогоор байхгүй байгааг тэрбээр өгүүлжээ. Тиймээс уулзалтын үр дүнгээр гурван талт хамтын ажиллагааг идэвхижүүлэх талуудын зохих байгууллагуудад тодорхой даалгавар өгөхийг тэрбээр уриалсан юм. 
Хятад-Монгол-Оросын эдийн засгийн хонгилын хүрээнд хамтын ажиллагааны төслүүдийг нутагшуулах, гаалийн журмыг хялбарчлах, гол хяналт шалгалтын хэсгүүдийг шинэчлэх, бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд  талууд дэмжлэг үзүүлэх ёстой гэж Ши Жинпин нэмж өгүүлсэн юм. 

Шинэ цонх нээгдэх үү? 

Энэ зуур Оросын баруун-сибирийн бүс нутгууд Ази руу шинэ цонх нээхэд бэлэн байна. Кызылд долоодугаар сарын нэгэнд Сибирь, Баруун Монгол, Шинжаан-Уйгурын автономт бүсийн тээврийн системийг интеграцлах асуудлаар дугуй ширээний уулзалт болсон.  Энэ уулзалтанд, Монгол, Хятадын төлөөлөгчид ч мөн оролцсон юм. 
2019 онд Орос улс "Енисейн Сибирь” төслийн хүрээнд Курагино-Кызыл төмөр зам барих алыг эхлүүлнэ гэж төлөвлөсөн. Төлөвлөгөөнд энэ  зам "Нэг зам нэг бүс” төслийн салаа болон Монгол, Хятад руу үргэлжлэх  юм.
Шинжаан-Уйгурын автономт бүсийн Засгийн газрын тэргүүн Чжао Чонзюгийн өгүүлснээр  Хятадын тал Тува чиглэлд төмөр замын төдийгүй автомашины замыг  Монгол улстай хиллэдэг хил хүртэл хэдийнэ барьсан гэнэ. 
"Орос улс Курагино-Кызыл салбар замыг барих хугацааг товлочихвол бид зам барих ажлаа тэр дор нь үргэлжлүүлнэ” хэмээн тэрбээр мэдэгдэж байв. 
Красноярск мужийн захирагч Александр Усс мэдэгдэхдээ Ази Номхон далайн орнуудтай худалдааны эргэлтийг цаашид нэмэгдүүлэх талаар ерөнхийлөгч үүрэг өгсөн тул  Тувагийн төмөр замыг барих ажил энэ онд эхэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Түүнчлэн Кызыл болон Тува улс Ази руу, Монгол улс, Хятадын зах зээл рүү  гарах тавцан болж болно хэмээн мэдэгдэж байлаа. 


”Енисейн Сибирийн эдийн засгийн нөөц боломж асар их, дорнодын хөршүүдтэй түншлэх нь энэ боломжийг хэд дахин нэмэгдүүлнэ” гэж тэрбээр цохон тэмдэглэж байв. 


Хятад улс Орос болон түүний бүс нутгуудтай урт хугацааны идэвхитэй хамтран ажиллахыг эрмэлзэж байгааг онцолж байлаа. Түүний зэрэгцээ, Шинжааныг Бээжин Москватай  харилцах харилцааг хөгжүүлэх тулгуур зангилаа гэж харж байгааг  онцолж байв. 
Гэхдээ Тува Хятадтай шууд хиллэдэггүй, тиймээс БНХАУ-ыг чиглэх зам Монгол улсын нутаг дэвсгэрээр дайрч таарна. Монголын Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавын мэдээлснээр Монголын талаас хөрш орнуудтайгаа тээврийн сүлжээ байгуулах эрчимтэй ажлуудыг хийж байгаа гэнэ
Тэр дундаа, Баруун Хятадын тээврийн том зангилаа болох Шинжаан Уйгурын автономт бүсийн нийслэл Үрэмч рүү шууд хүрэх Оросын "Енисей” Р-257 магитралын хэсэг болох автозамыг байгуулах ажил дуусч байгаа юм. 

Г.Бямбасүрэн

ЭХ СУРВАЛЖ: SHUUD.MN 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler