|
Видео

Шинэ мэдээ

П.Орхон Азийн наадмын хоёр дахь эмэгтэй аварга боллоо

П.Орхон Азийн наадмын хоёр дахь эмэгтэй аварга боллоо

"Жакарта-2018” Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд ДАШТ-ий алт, залуучуудын ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий алт, мөнгө, цэргийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Иван Ярыгиний нэрэмжит "Алтан Гранпри”-гийн гурав, "Mongolia Open” ОУТ-ий дөрөв, Монгол Улсын гурван удаагийн аварга "Алдар” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон хүчтэй өрсөлдөгчдөө илт давуу илүүрхэж алтан медаль хүртэв.

 

Тэрбээр Азийн наадамд түрүүлсэн чөлөөт бөхийн 12, эмэгтэйчүүдээс хоёр дахь тамирчин болж байна. 2010 онд БНХАУ-ын Гуанжоуд болсон Азийн наадмаас ОУХМ Гилэгжамцын Наранчимэг "Шар тив”-ийн олимпоос Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдаас анхны алтан медалийг эх орондоо авчирсан. Тэгвэл найман жилийн дараа Жакартагийн дэвжээнээс П.Орхон хоёр дахь шар өнгийн медалийг авчирлаа. Түүнчлэн манай чөлөөт бөхийн тамирчид Азийн наадмаас хос алтан медаль хүртсэн дөрөв дэх тохиолдол болж байгаа юм. 1974 онд Тегеранд Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, 1982 онд Шинэ Делид З.Дүвчин, Б.Болд, 2010 онд Гуанжоуд Г.Мандахнаран, Г.Наранчимэг, энэ жил Жакартад Э.Бэхбаяр, П.Орхон нар түрүүлээд байна.
П.Орхон Индонезийн нийслэлд шөвгийн наймд Вьетнамын Ти Хан Нгьен, хагас шигшээд олимп, дэлхийн аварга Японы Рисако Кавай, алтан медалийн төлөөх барилдаанд "Парис-2017” ДАШТ-ий хүрэл медальт, Азийн хошой аварга Кыргызстаны Айсулуу Тыныбековаг тус бүр цэвэр ялснаар аваргын тавцанд зогсохоор болсон юм.

Д.Сумъяа хоёр дахь хүрэл медалийн эзэн болов

Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд "Будапешт-2013” ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий мөнгө, "Универсиад” наадмын мөнгө, Иван Ярыгиний нэрэмжит "Алтан Гранпри”-гийн гурван хүрэл медальт, "Mongolia Open” ОУТ-ий болон Монгол Улсын хошой аварга, "Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Эрдэнэчимэгийн Сумъяа хүрэл медаль хүртэв. Тэрээр Жакартагаас Монголын бөхчүүдээс хоёр дахь хүрэл медалийг авчирсан юм.

Э.Сумъяа тэгшитгэлд Энэтхэгийн Пинкиг, 1/4 шигшээд Вьетнамын Ти Ха Фуонгийг тус бүр оноогоор цэвэр ялсан ч хагас шигшээд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Казахстаны хашир туршлагатай бөх Жулдиз Эшимовад 11:12-оор ялагдсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын Ли Шин Хиг цэвэр ялав.

А.Батцэцэг дөрөв дэх хүрэл медалийг авлаа

58kg WF 1/8: Aminat Oluwafunmilayo ADENIYI (NGR) df. Battsetseg ALTANTSETSEG (MGL) by VPO1, 2-1

Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгө, залуучуудын ДАШТ болон Азийн АШТ-ий алт, өсвөр үеийн ДАШТ-ий мөнгө, өсвөр үеийн Азийн АШТ-ий алт, Иван Ярыгиний "Алтан Гранпри”-гийн мөнгө, хошой хүрэл медальт, "Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд хүрэл медаль хүртэв. Энэ нь Жакартагийн Азийн наадмын Монголын багийн дөрөв дэх (чөлөөт бөхөөр О.Үйтүмэн, Э.Сумъяа, буудлагаар Г.Нандинзаяа хүрэл медаль хүртсэн) хүрэл медаль болсон юм.

А.Батцэцэг шөвгийн наймд Вьетнамын Ти Ли Киуг оноогоор цэвэр (13:2) ялсан ч хагас шигшээд энэ жилийн Азийн аварга БНХАУ-ын Пей Шинруд 1:4-өөр ялагдсан. Тэгвэл дөнгөж сая хүрэл медалийн төлөөх барилдаанд Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, БНСУ-ын Ум Жи Уныг 5:2-оор яллаа.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler