|
Видео

Шинэ мэдээ

Мөнгө угаагчдын зөөлөн хөрс Монгол

Мөнгө угаагчдын зөөлөн хөрс Монгол

 

Мөнгө угаана гэдэг хууль бусаар буюу гэмт хэргийн аргаар хэн нэгнийг эсвэл улсыг хохироож олдог ашиг. Албаны тодорхойлолтоор бол гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлс, ашиг, орлогын эх үүсвэрийг нуун далдалж хууль ёсны мэтээр халхавчлан эдийн засгийн эргэлтэд оруулах, хэлбэр дүрсийг хувиргах бүхий л үйлдлийг энэ гэмт хэрэгт хамааруулдаг ажээ.

Гэхдээ богино хугацаанд их хэмжээний ашиг олох нь энэ гэмт хэргийн зорилго биш. Гол нь гэмт хэрэг үйлдэж олсон гэх ул мөр үлдээхгүй байх нь чухал.

Ингэхдээ эдийн засгийн хувьд тогтворгүй, ядуу буурай, жижиг эдийн засагтай, гаднын зээл, буцалтгүй тусламж, хөрөнгө оруулалтад тулгуурлан хөгжиж буй, гадаадын хөрөнгө оруулагчдын мөнгөний эх үүсвэрийг шалгах боломж тааруу улсад мөнгө угаах гэмт хэрэг үйлдэгдэх суурь хөрс болдог гэж олон улсын мэргэжлийн байгууллага дүгнэжээ.

Үүгээр бол Монгол Улс яг тэрхүү хөрсийг бэлдээд эхэлчихлээ. Наад захын жишээ гэвэл хятад, солонгос эзэнтэй хоолны газар хэдэн зуугаар тоологдоно.

Бохир мөнгө угааж болох газруудад түргэн хоол болон ресторан хамгийн эрсдэлгүй, боломжтой гэдэг нь нэгэнт олон улсын хэмжээнд тодорхой болсон аж. Гадаадад энэ төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа газарт тавих хяналт, татварын шалгалт маш өндөр байдаг. Харин манайд тааруу.

Гэтэл сүлжээ хоолны газруудын эзэд гаальд мэдүүлэхгүйгээр их хэмжээний мөнгө хилээр авч орсон тохиолдол маш олон байдгийг хуулийн байгууллагын эх сурвалж хэлж байна.

САН БАЙГУУЛАХ, ХАНДИВ ЦУГЛУУЛАХ "ХҮМҮҮНЛЭГ” ХЭЛБЭР

Сүүлийн үед олон улсын байгууллагын санхүүжилтээр сайн санааны, хүмүүнлэгийн сан байгуулах үзэгдэл газар авч байна. Дээрх сангийн зорилго, үйл ажиллагааны чиглэл нь хүмүүнлэгийн, буцалтгүй тусламжаар хөгжингүй болон ядуу буурай орны иргэдийн амьдралд дэмжлэг үзүүлэх зорилгоор өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг учраас тухайн сангийн санхүүжилт, мөнгөний эх үүсвэрийг төдийлөн шалгадаггүй.

Харамсалтай нь үүний ард сан байгуулах нэрээр оруулж ирж байгаа мөнгө ямар ч хүний нүдэнд буцалтгүй тусламж хэлбэрээр харагддаг учир татвараас зайлсхийх тун энгийн мөртлөө хялбар арга болдог ажээ. Олон улсын практикт мөнгө угаах гэмт хэрэг ихэвчлэн ийм аргаар үйлдэгддэг судалгаа байна.

БАНКИНД ХУВЬ НИЙЛҮҮЛЭХ НЬ МӨНГӨ УГААЛТ УУ?

Судлаачдын ярьснаар практикт тохиолдож байгаа гаднын улсын хөрөнгө оруулалттай банк үүсгэн байгуулаад дараа нь дампууруулах, хараа хяналтгүй байдал, хувь нийлүүлсэн хөрөнгө оруулалт гэх мэт үйлдлүүд нь мөнгө угаах гэмт хэргийн энгийн элемент гэж байна.

Манай улсад банк байгуулж байгаа гадаадын иргэн, хуулийн этгээдийн мөнгөний эх үүсвэрийг шалгах эрх зүйн орчин бүрхэг байгаагаас өнөөдөр банк байгуулах нэрийдлээр мөнгө угааж байж болзошгүй гэж харж болохоор. Манай хуулийнхан үүнийг илрүүлж чадахгүй л байгаа.

ЭХ ҮҮСВЭРГҮЙ САНХҮҮЖИЛТТЭЙ ШАШНЫ УРСГАЛУУД

Монголд үйл ажиллагаа явуулж байгаа шашны байгууллагын тоо хэрээс хэтэрсэн. Гэтэл тэдний олонхын санхүүгийн эх үүсвэр тодорхойгүй байгаа нь нууц биш. Үүнийг хянах тогтолцоо ч алга. Өөрөөр хэлбэл, шашны секторуудын үйл ажиллагаанд мөнгө угаах гэмт хэрэг агуулагдаж байж болзошгүйг учир мэдэх хүмүүс анхааруулж байна.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ НЭРТЭЙ ДАЛД ХЭЛБЭР

Манай улсад мөнгө угааж буй дараагийн нэг хэлбэр бол хөрөнгө оруулалт, хувь эзэмших явдал. Зарим аж ахуйн нэгжүүд гаднын мөнгөн тусламж, эсвэл хувь нийлүүлсэн хөрөнгө гэдэг утгаар хууль бусаар орлого оруулж, барилга заран хууль ёсны орлого болгох явдал хамгийн далд хэлбэрийн мөнгө угаалт ажээ.

Ийм барилга байшин бариулж байгаа этгээдийн санхүүгийн эх үүсвэрийг үндсээр нь шалгахгүй бол гэмт хэрэгтнийг өөгшүүлэх байдалд хүргэж мэдэхээр байна. 

Үүнээс гадна авлигад авсан зүйлийг бусдын нэр дээр шилжүүлэх, дүрсийг нь хувиргах, эдийн засгийн эргэлтэд оруулж болзошгүй нөхцөл манай улсад бий болсон нь анхаарал татаж эхэллээ. Манай хууль хяналтынхан авлигатай холбоотой олон хэргийг илрүүлдэг ч үр үндсээр нь тасалсан, бүрэн зогсоосон тохиолдол тун ховор.

Б.ӨНӨРМАА: ХУУЛЬД АВЛИГА БОЛОН МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРГИЙН УЯЛДАА ХОЛБООГ ЗААГЛАЖ ӨГӨӨГҮЙ

"Авлига болон мөнгө угаах гэмт хэргийн уялдаа холбоог анхаарахгүй, энэ талаар хуульд тодорхой тусгаж өгөөгүйгээс авлигын төрлийн хэргийг шалгах байдал өнгөн хэсэгтээ байна. Үндсээр нь шалгахгүй, зөвхөн авлига авсан этгээдийг шийтгээд юм уу, эсвэл авлигад авсан гэх нэгээхэн хэсэг зүйлийг хурааж авснаар авлига, хээл хахуультай тэмцэж байна гэхэд бас учир дутагдалтай.

Авлигын төрөл хэлбэр маш олон янз байдаг. Бэлэн болон бэлэн бус хэлбэрээр. Тухайлбал, банк юм уу томоохон аж ахуйн нэгж, орд газрын хувь эзэмших эрх бэлгэнд авч үүнийгээ хүний нэр дээр шилжүүлэх явдал байна.

Уг олсон эрхээр дамжуулж ашиг олох, хувьцаагаа бусдаар заруулах зэргээр авлигын хэлбэр дүрсийг хувиргаж, бүр зохион байгуулалттайгаар үйлдэж байна.

Дээрх эрхийг гүйлгээнд оруулж, эх сурвалжийг нь өөрчлөх ажиллагааг мэдсээр байж явуулж байгаа этгээдийн дээрх үйлдэл, үүнийг зарж борлуулан бэлэн мөнгө болгон хувиргаад хууль ёсоор олсон мэт болгон өөрчилж байгаа энэ бүх үйл ажиллагаа үндсэндээ мөнгө угаах гэмт хэргийн нэг хэлбэр” хэмээн хууль-зүйн ухааны доктор, судлаач Б.Өнөрмаа ярилаа.

ФАТФ: МОНГОЛЫН АВЛИГЫН ХЭМЖЭЭ 2006-2010 ОНУУДАД 337 САЯ АМ.ДОЛЛАР БОЛСОН

Монгол Улсын хувьд мөнгө угаах гэмт хэргийн нөхцөл байдал ийм л байна. Мөнгө угаах, авлигын эсрэг хуулийн заалтууд байгаа ч бүрэн дүурэн үр дүнгээ өгч чадахгүй байгааг хуулийнхны сейфэнд ларагдсан олон хавтаст хэрэг тодорхой харуулах биз. Учир нь өнөөдрийг хүртэл мөнгө угаах гэмт хэргээр шийтгүүлсэн тохиолдол Монгол Улсал байхгүй.

Энэ үндэслэаээр Монгол Улсыг мөнгө угаах гэмт хэрэг үйлдэх таатай хөрстэй хэмээн ФАТФ буюу Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага дүгнэжээ. Манай улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын хүчин зүтгэлийг нэгтгэн төвлөрүүлдэг, олон улсын стандартыг боловсруулж гаргадаг тус байгууллагын Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн гишүүнээр 2004 онд элсэн оржээ.

Бид гишүүн улс болсноор  мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх үүргийг давхар хүлээх ёстой. ФАТФ-ийн тэмдэглэснээр "Монгол Улсын Засгийн газар мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоогоо сайжруулах хүчин чармайлт гаргаж байгаа боловч 2007 оны Харилцан үнэлгээгээр тогтоосон стратегийн дутагдлуудын ихэнх нь одоог хүртэл байсаар байна.

Өөрөөр хэлбэл, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх ноцтой эрсдэлүүд тулгараад байна. Монгол Улсын хувьд гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлогын дийлэнх хэсэг нь авлига, хээл хахууль, татвараас зайлсхийх байдлаас бий болж байна. Нийт авлигын хэмжээ 2006-2010 онуудад ойролцоогоор 337 сая ам.доллар болсон нь анхаарал татаж байна” хэмээн тайландаа дурджээ.

ГАДААД УЛСАД МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ХЭРХЭН ТЭМЦЦЭГ ВЭ?

Монголыг бодвол дэлхийн улс болгон энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх өөрийн гэсэн эрх зүйн орчныг бүрдүүлснийг хаанаас ч харж болно. Тухайлбал, ХБНГУ-аар жишээ авъя. Германы Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлд авлига, хээл хахуулийн гэмт хэрэг, хар тамхи, мансууруулах төрлийн бодио хууль бусаар зарах, тээвэрлэх, хэрэглэх, хүн худалдаалах буюу албадан гэрлүүлэх, албадан хөдөлмөр эрхлүүлэх зорилгоор бусдыг зарах гэх мэтчилэн олон хэргийг энэ каталогт хамааруулдаг аж.

Эдгээр гэмт хэргийн улмаас олсон мөнгийг санаатайгаар буюу баттай мэдсээр байж нуун далдлах, эдийн засгийн эргэлтэд оруулбал мөнгө угаах гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заажээ. Манай улсын хуульд энэ агуулгаар тусгагдсан хэдий ч яг шалгаад илрүүлээд тогтоох ажиллагаа нь үр дүнгүй байгааг судлаачид онцолж байна.

1990-ээд оны дунд үеэс Германд авлига, хээл хахууль, хүний наймаа, хил дамнасан хууль бус наймаа газар авч нийгмийн хурц асуудал болжээ. Германы албан есны статистикаар дээрх төрлийн гэмт хэрэг жилээс жилд өсөж байна гэжээ.

Тухайлбал тус улсын ВКА (Bimdeskriminalamt)-aac гаргасан судалгаагаар 2007 онд нийт 790 хүн хүний наймааны золиос болсон байхад 2010 оны эхний таван сард 534 хүн дээрх гэмт хэргийн халдлагад өртсөн байна. 2007 онд авлига хээл хахуультай холбоотой 9,600 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 38 хувиар өсчээ.

Мөнгө угаах гэмт хэрэг 1997 онд 593 тохиолдол бүртгэгдсэн бол 2007 онд 3,923 болсон нь уг гэмт хэргийн гаралт хурдацтай өсөж байгааг харуулж байна.

Цагдаагийн байгууллагад банк болон банк бус санхүүгийн байгууллага, өмгөөлөгч, нотариатч, татварын зөвлөгөө өгөх эрх бүхий этгээд, үл хөдлөх хөрөнгө зуучлан борлуулах газар, зөвшөөрөлтэй тоглоомын газруудын өөрсдийн үйлчлүүлэгчдийн сэжиг бүхий мөнгөний гүйлгээний талаар мэдээлэл егөх үүргийг хуулиар хүлээлгэж, үүргээ эс биелүүлсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тусгаснаар уг гэмт хэргийн илрүүлэлт харьцангуй сайн болно гэж тус улсын хуульчид үздэг ажээ.

Харин манай улсад төрийн өндөр албан тушаалтнуудын гэр бүл, хамаатан садан, найз нөхдийн нэр дээр хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө,хувьцаа, лиценз бүртгэгдсэн байдаг ч тэдгээрийн санхүүгийн эх үүсвэрийг бодитой тогтоох эрх зүйн орчныг бүрдүүлээгүй байгаа нь асуудал болж буй. 

Түүгээр зогсохгүй авлига, хээл хахуулийн гэмт хэргийг тодорхойлсон хуулийн заалт дэндүү явцуу. банкны дэргэдэх санхүүгийн албад хууль бус мөнгөний гүйлгээг хянах, сэжигтэй мөнгөний гүйлгээг мэдээлэх үүргээ хангалттай биелүүлэхгүй байгаа гэх.

Мөнгө угаах хэргийг илрүүлэхэд чухал хөшүүрэг болсон татварын хууль тогтоомжууд боловсронгуй биш, хилээр их хэмжээний мөнгийг бэлнээр оруулж гаргаж байгааг гаалийн байгууллага илрүүлж чадахгүй байгаа зэрэг олон хүчин зүйл мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхэд саад болсоор байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.