| |
Жаргалант суманд Хятадын компани хууль зөрчин ажиллаж, иргэдийг хордуулж байна гэв
"Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” төрийн бус байгууллагаас Төв аймгийн Заамар, Жаргалант сумдад хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй зарим компанийн талаар мэдээлэл хийлээ.
Тус байгууллагын гишүүд энэ сарын 20-21-ний өдрүүдэд дээрх сумдад Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасан эрх, үүргийн хүрээнд ажилласан гэдгээ хурлын эхэнд онцолсон юм.
Тэднийг очих үед Төв аймгийн Жаргалант суманд Хятадын "Тэн хун” компани мөнгөн усаар алтаа угааж, орхигдсон шороог цианит натри ашиглаж, алт ялгаж байсан гэх. Мөн Заамар суманд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Монпилимент” групп голын сан бүхий газарт алт ашигт малтмал олборлож байсан аж.
Энэ талаар тус байгууллагын тэргүүн Х.Бээжин "Бид иргэдийн мэдээллийн дагуу Төв аймгийн Заамар, Жаргалант сумдад үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын ажиллагаатай танилцахаар очсон юм. Гэтэл Төв аймгийн Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж буй Хятадын "Тэн хун” компани биднийг дотогш нэвтрүүлэхээс татгалзаж, энэ үеэр талбай дээр ажиллаж байсан хятад иргэдээ машинд суулгаад зугтаалгасан. Бид энэ асуудлыг Гадаадын иргэн харъяатын газар уламжлах болно. "Тэн хун” компанийн хувьд мөнгөн усаар алтаар угааж, хордуулсан усаа шууд асгаж байна.
"Тэн хун” компанид ажиллаж байсан иргэн химийн хорт бодист хордон, хөдөлмөрийн чадвараа алдсан. Тус уурхайд жилд 2-3 хүн нас бардаг.
Тэд өөрийн тусгай зөвшөөрлийн талбайгаас өөр буюу Баянхонгор, Ховд, Увс, Дорноговь аймгаас хулгайгаар алт олборлож, мөнгөн усаар хордуулж, орхигдсон шороог зориулалтын бус задгай машинаар тээвэрлэж, өөрийн ашиглалтын талбайд авчран дахин цианит натри ашиглаж, алт ялган авч байна. Тус компанийн хордуулж буй талбайн ойролцоо нутгийн иргэдийн хүнсний ногооны талбай, малын бэлчээр бий. Энэ асуудлыг бид Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг мэргэжлийн байгууллагад хандаж, шийдвэрлүүлэх болно” гэлээ.
Мөн тэрээр ""Тэн хун” компанид ажиллаж байсан иргэн химийн хорт бодист хордон, хөдөлмөрийн чадвараа алдсан. Тус уурхайд жилд 2-3 хүн нас бардаг. Харин Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулж буй"Монпилимент” группийн захирал нь УИХ-ын гишүүн Ц.Гарамжав. Тэрээр одоо Байгаль орчны байнгын хороог удирддаг. Энэ нь ашиг сонирхлын зөрчилтэй харагдаж байгаа" гэдгийг ч онцлов.
Тиймээс тэд эл асуудлаар өнөөдөр дээрх нэр бүхий байгууллагуудад албан бичиг явуулах юм байна. Тус бичигтээ хууль бус уурхайн үйл ажиллагааг шалгаж, 14 дотор хариу өгөхийг дурджээ.
Eagle.mn