|
Видео

Шинэ мэдээ

Самсунгийн өв залгамжлагч авлигын хэргээр 2.5 жилийн хорих ял сонслоо

 

Самсунг группын өв залгамжлагч Ли Жэ Ёныг хоёр жил, зургаан сар шоронд хорих шийдвэрийг Сөүл хотын шүүх өчигдөр гаргажээ.

 

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Пак Гын Хэд авлига өгсөн хэргийг нь дахин шүүсний дараа Ли Жэ Ёнд ийм ял оноосон байна. 2014 оноос хойш өвчний улмаас хэвтэрт байсан Самсунг группын ерөнхийлөгч Ли Кун Хи өнгөрсөн оны аравдугаар сард нас барсан юм.

Эцгийгээ хэвтэрт орсноос хойш Самсунгийг удирдаж байсан Ли Жэ Ён тус компанийн гол өв залгамжлагч болж байгаа. 

Түүнд оноосон хорих ял Самсунг Электроникс компанийн цаашдын үйл ажиллагаанд нөлөөлөх нь тодорхой байна. Өчигдөр шүүхийн шийдвэр гарсны дараа тус компанийн хувьцааны үнэ 4 орчим хувиар унажээ.

Ямартай ч Самсунг Электроникс компанийн шийдвэр гаргах түвшинд хэсэг хугацаанд хоосон орон зай үүсэх нь тодорхой байна.

Групп дотрох өөрийн эрх мэдлийг нэмэгдүүлэхэд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн нөлөөг ашиглах зорилгоор авлига өгч байсан гэж Ли Жэ Ёныг буруутгажээ. Самсунг Электроникс нь нээлттэй хувьцаат компани бөгөөд Өмнөд Солонгосын засгийн газрын тэтгэврийн сан тус компанийн томоохон хувь эзэмшигч тул шийдвэр гаргах үйл явцад төрийн оролцоо чухал үүрэгтэй байдаг.

Нийтдээ 8.6 тэрбум воны ($7.8 сая) авлига, хээл хахуулийг Ли Жэ Ён экс ерөнхийлөгчид өгснийг тогтоожээ.

Лигийн хэргийг 2017 оноос эхлэн шалгасан юм. 2017 оны наймдугаар сард шүүхээс түүнд таван жилийн хорих ял оноож байв.

Шоронд хэсэг хугацаанд хоригдсоны дараа 2018 оны хоёрдугаар сард Сөүл хотын шүүх түүний ялыг хөнгөлж, шоронгоос суллаж байжээ. Өмнөд Солонгосын дээд шүүх уг хэргийг дахин шүүлгэхээр Сөүл хотын шүүхэд буцаасан нь өчигдөр ийнхүү эцэслэн шийдэгдэж байна.

Ли Жэ Ёны өмнө нь хоригдсон хугацаа энэ удаагийн ялын хугацаанаас хасагдаж тооцогдох гэнэ.

Эх сурвалж: Ikon.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.