|
Видео

Шинэ мэдээ

Би хичээлдээ явмаар л байна, даанч...

 

Би хичээлдээ явмаар л байна, даанч...Боловсролын салбар тэр чигтээ амралтын байдалтай байж байгаад хичээлийн шинэ жилтэйгээ золгож буй өдрүүд үргэлжилж байна. Гэтэл энэ өдрүүдэд тус  салбарынхан үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг үймж, дээр дооргүй хөнжил дотроо хөлөө жийлцэж байна.

Зарим сургуулийн багш нар цалингаа нэмүүлэх шаардлагын дор ажил хаяж, нэр бүхий их дээд сургуулийн оюутнууд сургалтын төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэж жагсаал хийсэн бол боловсролын салбарын сайд нь зарим нэг цэцэрлэгийн удирдлагуудад халаа сэлгээ хийж байгаа сурагтай. Төрийн ордон, телевизийн дэлгэц гээд хаа байгаа газраа хөмсөг зангидан суух Ц.Цогзолмаа сайдын царайнаас энэ салбар ямар их бухимдал ундууцалтай байгааг харж болохоор мэт.

Есдүгээр сарын 1. Энэ өдөр улсын гэх тодотголтой ерөнхий боловсролын сургуулиуд хичээлийн шинэ жилийн нээлтээ хийсэн ч шинэ сурагчид сургууль, анги, танхимтайгаа танилцсан болоод л тарцгаасан. Тэдний энэ жилийн хичээлийн хамгийн анхны өдөр өнөөдөр.

Гэтэл зарим сургуулийн багш нар ажил хаялтад нэгдчихлээ. Цэцгийн баглаа, цэмцгэр хувцсаараа гоёсон сурагчид хэнийг гэж, хэнд зорьж сургуульдаа очих вэ. Бусад сургуулийн хүүхдүүд хичээлдээ явж байхад багш нь ажил хаясан гээд гэртээ цоожлогдож байгаа хүүхдүүдэд юу бодогдож байгаа бол. Тэднийг багш нар нь огтхон ч өрөвдөөгүй юм гэж үү.

"Би хичээлдээ явмаар л байна. Даанч манай багш ажлаа хаячихсөөн. Манай ангийнхан багшгүй болсон” гэх бага ангийн сурагчийн яриа миний зүрхийг шимшрүүлэв.

Гэтэл багш нар нь тэднийг үнэхээр тоогоогүй юм гэж үү. Цалинг нь нэмэхгүй гээгүй. Ажлын ачаалал, ур чадвар, ажилласан жил зэрэг шалгуураар нь цалинг 8-30 хувиар нэмнэ. Цаашид шатлалтайгаар нэмнэ хэмээн Засгийн газраас мэдэгдсээр байтал ингэж муйхарлах хэрэг байв уу, багш нараа.

Та нарт яарсаар, зориод очсон бяцхан шавь нарынхаа сурах хүсэл эрмэлзлийг битгий мөхөөгөөч. Тэд ч бас бусдын адил сурахыг хүсч байна.

 
Mminfo.mn
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler