| |
“Цэвэр орчин цэнгэг ус” нэг сарын аяныг эхлүүллээ
Улаанбаатар хотын төвд урсдаг Туул, Сэлбэ, /Дунд гол/-ын цэвэрлэгээ байгаль хамгаалах "Цэвэр орчин цэнгэг ус” намрын нэг сарын аяныг өнөөдөр эхлүүллээ. Уг аяныг БОАЖЯ, НЗДТГ, Туул голын сав газрын захиргаа, УСУГ, Мобиком корпораци, Гандантэгчинлэн хийд, Жүр үр, Сэрүүлэг дээд сургууль, АПУ компани, Хүүхдийн ордон зэрэг төр болон хувийн хэвшлийн хамтарсан 10 гаруй байгууллага оролцсон томоохон бүтэцтэйгээр зохион байгуулж байгаа юм. Аяны нээлтэд нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан оролцлоо. Тэрээр "Өнөөдөр бид агаар, ус, хөрс нь цэвэр байгаль дэлхийд амьдрах учиртай. Гэтэл өнөөдрийн манай нийслэлд энэ гурван зүйл тулгамдаад байгаа томоохон асуудлуудын нэгд орсоор байна.
Хүйтэн сэрүүний улирал хаяанд ирсэн энэ мөчид Улаанбаатар хотынхоо ундны эх үүсвэр болсон Туул голоо хогноос нь салгах том үйлсэд оролцож байгаа бүх төр болон хувийн хэвшлийн удирдлага, албан хаагч, ажилчиддаа баярлалаа. Бид энэ нэг сарын аяныг нэг удаа зохион байгуулаад зогсохгүй улам эрчимжүүлж цаашид уламжлал болгон хийнэ. Нийслэлийнхээ иргэдэд бид өөрсдөө хогоо хаяхгүй бусдаар хогоо цэвэрлүүлэхгүй байх, сайхан орчин бүрдүүлэхийн тулд хамтран ажиллахыг уриалж байна.” гэлээ.
Цэвэрлэгээ хийх нийт 50 км газрыг дөрвөн хэсэгт хувааж, оролцох төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын ажилчин, албан хаагчдыг хуваарилан ажиллуулахаар болжээ. Яармагийн гүүрнээс Сонсголонгийн гүүр хүртэл нийт 19 км, Сэлбэ гол (100 айлын гүүрнээс Туул голд цутгах хүртэл) 13км, Зайсангийн гүүрнээс Баянзүрхийн гүүр хүртэл (Туул голын хойд эргийн дагуу) 11км, Улиастайн уулзвараас Гачуурт хүртэл (Голын хойд хэсэг буюу Төвийн эх үүсвэрийн хамгаалалтын бүс) 7 км газрууд багтсан байна.