| |
Зуны олимпийн наадам болох байгууламжуудыг мэргэжлийн тамирчид шалгаж байна
Хүн төрөлхтний их наадам 31 дэх удаагийн зуны олимп эхлэхэд гурван сар гаруйхны хугацаа үлдээд байна. Энэ үеэр зуны олимпын наадмын тоглолтууд болох байгууламжуудын бэлэн байдлыг мэргэжлийн тамирчид шалгаж байгаа гэнэ. Эхний ээлжинд бэлэн болоод байгаа гольфын тэмцээн зохион байгуулагдах талбайд мэргэжлийн тамирчид тогложээ.
Уг тоглолтоор Рио Де Жанейро хотын гольфын талбай зуны олимпийн наадмын тэмцээнд бэлэн байгаа нь харагджээ. Наадмыг зохион байгуулагчид дан ганц өвсний чанар, усжуулалтын систем төдийгүй талбайн өнгө үзэмжид онцгой анхаарал хандуулсан нь мэргэжилтнүүдийн талархлыг хүлээсэн байна. Гольфын тэмцээний хувьд бусад төрлийн спортоос харьцангуй том талбайд болдог учраас тохижилт үйлчилгээний ажил, мэргэжилтнүүдийн арга ажиллагаа их шаарддаг.
Тиймээс ч олимпийн хорооноос гольфын тэмцээн зохион байгуулагдах талбайг анхлан шалгахаар шийдвэрлэжээ. Риогийн гольфын талбайн бас нэг онцлог нь зэрлэг ан амьтдын идээшсэн бүс нутагт сөрөг нөлөө үзүүлэхгүй юм байна. Гольфын талбай байгуулсан бүс нутагт Тити сармагчингууд, олон төрлийн шувууд, мэрэгч амьтад амьдарсан хэвээр байгаа нь байгальд ээлтэй алхам болохыг наадмыг зохион байгуулагчид онцоллоо.
Бразилд нүүрлэсэн улс төрийн хямрал болон зика вирусын халдвартай холбоотой сөрөг мэдээлэл их байгаа ч Рио Де Жанейро хот зуны наадмыг зохион байгуулахад бэлэн гэдгийг энэ шалгалт нотолсон гэж хотын захиргааныхан цохон тэмдэглэжээ.
О.Хатанбаатар