|
Видео

Шинэ мэдээ

Балбад 22 жагсагч цагдаа нарт буудуулан амиа алджээ

Балбад 22 жагсагч цагдаа нарт буудуулан амиа алджээ

 

Балбын Ерөнхий сайд КП Шарма Оли эсэргүүцлийн жагсаалын улмаас огцорсон. Балба залуучууд нийгмийн сүлжээг хаахыг, авлига хэт гаарсныг эсэргүүцэн жагссан юм.

Нийслэл Катманду хотод болсон жагсаалд олон мянган залуус, өсвөр насныхан оролцжээ. Цагдаа нар жагсагчдын хооронд мөргөлдөөн гарч, 22 хүн амиа алдаж, 100 орчим хүн шархадсаны дотор цагдаа нар ч  байна.

Тус улсын Зэвсэгт хүчний удирдагч "Жагсаал үргэлжилсээр байвал армийг, цэрэг хүчний бүх байгууллагыг дайчилж, байдлыг хянана. Бид хүч хэрэглэхээс өөр арга байгаагүй" гэжээ.  
 
Хүний эрхийн байгууллагууд 22 жагсагч амиа алдсан явдлыг өргөн хүрээнд, хараат бусаар шалгахыг уриалж байна. Жагсагчдын эсрэг жинхэнэ сум ашигласан байж болзошгүй байгаа юм. Учир нь эмч нар тэдний шархыг хараад жинхэнэ сумаар буудсан байна гэж дүгнэжээ.  

Жагсагчид парламентын болон төрийн байгууллагууд руу нэвтрэхээр оролдоход цагдаа нар зогсоохоор оролдон нулимс асгаруулагч хий, даралттай ус ашигласан байна.


  
Жагсагчид Ерөнхий сайд КП Шарма Оли, өмнөх Ерөнхий сайд Шэр Бахадур Дэуба гэх мэт  хэд хэдэн улс төрчийн гэр, намын байр руу дайран орж, түйвээжээ.
 
Өнгөрсөн пүрэв гаргаас эхлэн тус улс нийгмийн 26 цахим сүлжээг дүрэм зөрчсөн хэмээн хааж эхэлсэн байна. Харилцаа, мэдээллийн яамнаас цахим сүлжээний компаниудад бүртгүүлэхийг сануулж, хугацаа өгсөн байжээ. 

WhatsApp, Facebook, Instagram, YouTube зэрэг суваг эдгээрт багтсан юм. Даваа гарагт эсэргүүцлийн жагсаал болоход Засгийн газар хуралдаж, эдгээрийг хаасан шийдвэрээ цуцалжээ. Хуурамч мэдээлэл, үзэн ядсан үг хэллэг, цахим залилантай тэмцэх зорилгоор дээрх сувгуудыг хаасан гэж Засгийн газар мэдэгдсэн юм. 

Харин жагсагчид эрх баригчид үүнээс өөр шалтгаанаар буюу тэдний бодлого шийдвэрийг эсэргүүцсэн агуулгыг устгах зорилгоор нийгмийн сүлжээг хаасан гэж үздэг. Тус улсад 17 сая хүн интернет ашигладаг тул 26 сүлжээг хаасны дараа мэдээлэл дамжуулах, харилцаа холбоо тогтооход ихээхэн бэрхшээл үүсжээ.

Нийгмийн сүлжааг хаасны улмаас эсэргүүцлийн жагсаал эхэлсэн ч залуус авлига, ядуурал гаарсныг ч шүүмжилж байна.

Тус улсад өмнө нь болж байсан жагсаалуудаас ялгаатай нь энэ удаад өсвөр насны хүүхдүүд сургуулийн дүрэмт хувцастайгаа жагссанаараа онцлог. 1997-2012 оны хооронд төрсөн хүүхдүүд жагсжээ. Жагсаалыг удирдаж буй тодорхой хүн байхгүй ч хэсэг залуус жагсаалд оролцох уриалга гаргасан байна. Тэд Катманду, Покхара, Итахари хотууд дахь оюутнуудыг жагсаалд нэгдэхийг, дүрэмт хувцсаа өмнө, цүнхээ үүрээд ирэхийг уриалжээ.  

19 настай Бину КС "Ядуурал төгсгөл болоосой. Эрх баригчид сонгуулийн өмнө өгсөн амлалтаа биелүүлдэггүй. Тэд олон асуудлын эх үүсвэр мөн. Нийгмийн сүлжээг хааснаар боловсролд сөргөөр нөлөөлж, интернетээр хичээл үзэх боломжгүй болсон" гэж ярьжээ.

Жагсагчид 26 сувгийг хааснаар үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь хумисанд дургүйцсэн байна. Тэд "Nepo" гэх үгийг байнга хэрэглэж байгаа нь nepotizm гэсэн үгний товчлол юм. Энэ нь эрх мэдэлтнүүд өөрсдийн гэр бүлийг нэгдүгээрт таьдаг гэсэн утгатай. 

Учир нь хэдэн долоо хоногийн өмнө өндөр албан тушаалтнуудын гэр бүлийнхний тансаг хэрэглээг харуулсан бичлэгүүд ил болжээ. TikTok, Instagram-д нийтэлсэн бичлэгүүдэд улс төрчдийн брэндийн хувцас хэрэглэл, гадаадад амарч, үнэтэй машин унаж байгааг харуулсан байна. 

Гэтэл тус улсад ажилгүйдэл өндөр тул иргэд гадагшаа явж ажилладаг аж.  Жагсагчид төрийн байгууллагууд руу дайрч байгаа тул хэд хэдэн хотод эдгээр барилгын дэргэдүүр явахыг хориглон, харуул хамгаалалтыг чангаруулсаар байна. Учир нь залуус үргэлжлүүлэн жагсахаа илэрхийлсэн. 

Ерөнхий сайд огцорсон ч Засгийн газар жагсагчидтай яриа хэлэлцээ эхлүүлээгүй байна. Мөн дараагийн Ерөнхий сайдаар хэн ажиллах нь тодорхойгүй байгаа юм.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler