
БНСУ-ын ерөнхийлөгчийн Тамгын газрын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ви Сон Рак өчигдөр болсон БНСУ болон АНУ-ын ерөнхийлөгч нарын анхны дээд хэмжээний уулзалтыг амжилттай босныг дурдаад Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп “БНСУ-д байрлах АНУ-ын цэргийн баазын газрыг өмчлөх хүсэлт”-тэй холбоотойгоор “Нөхцөл байдлын уг чанарыг эхлээд тодорхой болгох хэрэгтэй” гэж мэдэгджээ.
Төлөөлөгч Ви АНУ-ын Вашингтон D.C-д өгсөн мэдээлэлдээ “Трамп ерөнхийлөгчийн ярьсан зүйлс дотор Өмнөд Солонгост байрлах АНУ-ын цэргийн баазын газар нутагтай холбоотой үг байсан нь үнэн" хэмээн онцолжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр БНСУ-ын ерөнхийлөгч И Жэ Мёнтэй хийсэн анхны дээд хэмжээний уулзалтынхаа үеэр “Би энэ газар (Өмнөд Солонгост байрлах АНУ-ын цэргийн бааз)-ыг өмчлөх боломжтой эсэхийг асуусан. Солонгосын талаас тодорхой хэмжээний хувь нэмэр оруулсан нь үнэн боловч бид хамгаалалтын хэрэм байгуулахад их хэмжээний зардал гаргасан” гэж хэлсэн байна.
Төлөөлөгч Ви Сон Рак зөвлөх үүнийг тайлбарлахдаа “Өмнөд Солонгост байрлах АНУ-ын цэргийн баазын газар нутгийг бид түр ашиглуулж байгаа. Ашиглуулахаар өгсөн болохоос түрээсийн мөнгө нэхээгүй” гэж мэдэгдсэн ба мөн “SOFA (БНСУ-ын зэвсэгт хүчний тухай гэрээ)-д ч ийм заалт тусгагдсан байдаг. Тиймээс ерөнхийлөгчийн хэлсэн үгийн утгыг сайн бодолцож үзээд хариу өгөх нь зүйтэй болов уу” гэжээ.
БНСУ-ын ерөнхийлөгч И Жэ Мён АНУ-ын Вашингтон D.C-д байрлах Олон улсын стратегийн судалгааны төв (CSIS)-д тавьсан илтгэлдээ “Өмнө нь Солонгос аюулгүй байдлыг АНУ-д даатгах, эдийн засгийг БНХАУ-тай хамтрах бодлогыг баримталж ирсэн нь үнэн. Гэвч одоо байдал өөр болоод байна” хэмээсэн байна. Мөн “Бид АНУ-тай хоёр улсын холбоог шинэ аюулгүй орчинд нийцүүлж, илүү харилцан ашигтай, алсын ирээдүйд чиглэсэн байдлаар орчин үеийн болгож хөгжүүлэхээр санал нэгдлээ” гэж мэдэгдсэн байна.