Богдхан төмөр замын 9 оффтейк гэрээний араас Засгийн газрын тогтоолыг нууцаас гаргалаа
Богдхан төмөр замын төслийг хэрэгжүүлэхэд гаргасан Засгийн газрын “маш нууц” тамгатай тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргах шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар гаргажээ.
2022 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн байгуулсан 9 оффтейк гэрээг улсын нууцаас гаргах шийдвэрийг Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ гаргаж байв.
Эргэн сануулахад, Монголыг Евроазитай холбосон транзит улс болгох ач холбогдолтой гэж тодотгож байсан энэхүү төмөр замын ажил цаасан дээр 10 гаруй жилийн нүүрийг үзэж буй. Энэ төслийн хүрээнд,
- Богдхан төмөр зам төслийн тунель болон эстакадан гүүрний зураг төсөл, худалдан авалт, барилгын ажил
- Богдхан төмөр замын төслийн суурь, бүтцийн барилгын угсралтын бүтээн байгуулалтын ажил гэсэн хэсгээс бүрддэг.
Гэрээг тухайн үед “ЭТТ” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, “Тавантолгой төмөр зам” ХХК талаас Н.Удаанжаргал, "Бодь интернэшнл" ХХК талаас Б.Долгормаа нар үзэглэсэн.
“Бодь групп”-ийн автортой энэхүү төсөл нь нийт 1.4 тэрбум ам.долларын өртөгтэй, нүүрсний гэрээний дүн нь 734 сая ам.доллар байв. Ингэхдээ “ЭТТ” ХК төлбөрийг нүүрсээс хийх бөгөөд нүүрсний үнийг тухайн үед 113 орчим ам.доллароор тогтсон байдаг. Гэсэн ч тухайн үед монголын талын улс төрийн нөлөөллүүдээс үүдэн гүйцэтгэгчийн эцсийн шатанд шалгарсан хоёр компанийн дунд зөрчил үүсэж, улмаар ТЭЗҮ-ийн ажил саатсан гэгддэг.
Өмнө нь ил болгосон шийдвэрийн араас "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогынхэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2021 оны зургаадугаар сарын 23-ны зөвлөмж болон уг төслийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан Засгийн газрын гурван тогтоол, “Богдхан төмөр зам” төслийн ажлын явцын талаар Засгийн газрын хуралдаанд гурван удаа танилцуулсан асуудлын тэмдэглэл, холбогдох материал нь төрийн нууцын зэрэглэлд хамаарсан хэвээр байсан гэж үзэж ийн нууцаас гаргасан аж.
