
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Батлан хамгаалах яамны нэрйг “Дайны яам” болгон өөрчлөх тухай зарлигт гарын үсэг зуржээ.
“Энэ бол том өөрчлөлт” хэмээн Трамп гарын үсэг зурсныхаа дараа мэдэгдсэн бөгөөд шинэ нэр нь дэлхийн өнөөгийн нөхцөл байдалд илүү тохиромжтой гэж үзэж байгаагаа нэмж хэлэв.
Тэрээр уг асуудлыг хэдэн сарын турш хэлэлцэж ирснийг онцолсон байна.
Пентагоны тэргүүн Пит Хегсетийн хэлснээр тус яамны нэрийг ХХ зууны дунд үед Батлан хамгаалах яам болгон өөрчилснөөс хойш АНУ томоохон дайнд ялалт байгуулж чадаагүй хэмээн онцолжээ. Харин хуучин нэрээ сэргээснээр уг байгууллага зөрчил мөргөлдөөнтэй шийдэмгий тэмцэж, эцэс төгсгөлгүй мөргөлдөөнийг таслан зогсоох боломжтой гэжээ.
АНУ-ын “Дайны яам” нь 1789–1947 оны хооронд оршин тогтнож байгаад Үндэсний цэргийн яам болгон шинэчлэгдсэн. Тийнхүү 1949 онд өнөөгийн нэр болох Батлан хамгаалах яам болгон өөрчилсөн юм.