|
Видео

Шинэ мэдээ

Гацууртын ордын “нинжа” нарыг нэр бүхий начин удирддаг гэнэ

-ТЭНД БАЙГАА 300 ОРЧИМ ХҮН ӨМНӨ НЬ ЯЛ ШИЙТГЭЛ ЭДЭЛЖ БАЙСАН АЖ-

Ерөнхий сайдын өрөөнд болдог "Шийдлийн цаг” уулзалтын үеэр Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга оролцож, "Гацууртын ордод хууль бусаар нинжа нар нэвтэрч байна. Тэнд гэмт хэрэг, зөрчлийн тоо эрс нэмэгдлээ. Гацууртын аманд 24 удаа үйл ажиллагаа явуулж, гэмт хэрэг, захиргааны зөрчил гаргасан гурван мянган хүнийг хуулийн хүрээнд тараасан. Сэлэнгэ аймгийн Мандал суманд гэмт хэргийн тоо 20 орчим хувиар нэмэгдсэн нь эрүүгийн нөхцөл байдал хүндэрч байгааг илтгэж байна. Архидан согтуурах, танхайрах зэрэг зөрчил илүүтэй нэмэгдсэн. Шөнийн цагаар бөөнөөрөө, техник хэрэгсэл ашиглаж тус бүсэд нэвтрэх явдал нэлээд гарсан. Энэ байдал нь нутгийн иргэдийн тав тухыг ч алдагдуулж байна” гэсэн ноцтой мэдээлэл хийсэн юм. Мөн "Эрүүгийн гэмт хэрэгт холбогдож, удаа дараа ял шийтгэгдсэн нэр бүхий хэд хэдэн хүн тэнд очиж нүх амуудыг хуваарилах нэрийдлээр бусдыг айлган сүрдүүлж дарамталсан хэрэг гарч байгаа” хэмээсэн юм. Дээрх анхаарал татсан мэдээллийн араас нэхэн сурвалжиллаа.

ДИЙЛЭНХ НЬ ЗҮҮН ХАРААГИЙН ХОРИХ АНГИД ЯЛ ЭДЭЛЖ БАЙСАН ГЭНЭ

Тус ордод хууль бусаар алт олборлож буй "нинжа” нарыг манай нэр бүхий улсын начин цолтой бөх толгойлдог гэнэ. Түүний удирдлага дор ажилладаг хүмүүс нь рецидив гэмт хэрэгтнүүд байдаг бөгөөд тэд нүх амуудыг хуваарилах ажлыг хийдэг аж. Ухсан нүхнээс нь алтны судал гарч ирэх юм бол тэд бусдад зарах, өөрсдөө ухах эсэхээ шийддэг. Энэ хүмүүсийн дийлэнх нь хоёр, гурван удаа гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгүүлсэн. Зүүн хараагийн хорих ангид ял эдэлж байсан хүмүүс тэдэн дунд их байдаг гэнэ. Хэдийгээр энгийн иргэд байгаа ч тэд рецидивүүдийн үгнээс гардаггүй юм байна. 1800 орчим "нинжа” байгаа гэсэн мэдээлэл бий. Тэдний 300 орчим нь давтан гэмт хэрэг үйлдсэн хүмүүс аж. Гацууртын ордод "нинжа” халдлаа гэх боловч үнэндээ тэр хавийг дээрх начны удирдлага дор ажилладаг хүмүүс нь хянадаг гэдгийг албаны эх сурвалж хэлж байна.

АЙМААР НАЧНЫ СУРАГ

Энэ начин хэн болохыг бид албаны болон орон нутгийн эх сурвалжуудаас тодруулахад "Нэг начин бий. Аймаар начин, нэрийг нь хэлчих юм бол хоёр, гурван хүн дагуулж ирээд юутай хийтэй нь түйвээчихдэг. Хэн хэлснийг дор нь мэдчихдэг. Хуулийн нэгэн байгууллагад ороод "Та нар харсан юм уу. Нотлоотох” гэж хэлээд хариу ч сонсолгүй шанаадаж унагахыг нь унагаад, орсон өрөөгөө түйвээгээд гарсан түүхтэй.Тийм хэрэг хийснийх нь төлөө ямар ч арга хэмжээ аваагүй. Нөгөө хүмүүс хохироод үлдэж байсан” гэв. Өөр нэг эх сурвалж "Түүний нэрийг мэдээд хэрэггүй, цагдаагийнхан ч мэдэж байгаа атлаа дорвитой арга хэмжээ авч чаддаггүй. Манайдаа бол рецидив бөх. Түүнийг андахгүй. Улс төрийн нэг том албан тушаалтны халхавчинд байдаг. Хүргэн ах нь манай спортын нэртэй тамирчин” гэж хэлэв. Энэ мэтээр начны тухай ярьж чадаж байгаа мөртлөө түүний нэрийг хэлэх зүрх зоригтой хүн олдсонгүй. Тэр аймаар начны нэрийг хэн ч хэлж өгч чадахгүй байсан учир нэрийг нь мэдэж чадсангүй. Юутай ч аймаар л начин Гацууртын ордод хууль бусаар алт олборлож байгаа "нинжа” нарыг толгойлж, алсаас удирддаг юм байна. Сураг сонсохнээ тэр начин нутаг орондоо ч рекет гэдгээрээ алдартай гэнэ. Мандал сумын нэгэн иргэн ярихдаа "Бөхчүүд болон рецидив гэмт хэрэгтнүүд алт ухдаг болсон гэж дуулсан. Алт ухахаар очсон нутгийн иргэдийг тийшээ ойртох юм бол "бялба” нүдээд явуулчихдаг. Тийшээ ойртож очдог ч хүн байхгүй болсон. Тэд дийлэнхдээ шөнийн цагаар алт хууль бусаар олборлодог. Сум дундын цагдаагийн тасгийнхан ч өөрснөө тийшээ очихоосоо эмээдэг. Нэг начин тэр "нинжа” нарыг толгойлдог гэж дуулсан. Үүр цүүрээр хөнжлөө үүрч ирээд нүхээ ухан шороогоо зөөсөн хэвээр байгаа. Холоос дурандахад ургаа мод, ухсан нүх хоёрын аль нь болохыг тааж хэлэхэд бэрх болтол нь нүх ухсан харагдана. Яг л шатар даамны өрөг шиг ухаагүй хэсэг шаргалтаж, ухсан нь онгойж харлаж харагддаг. Нүх хоорондын зай метр орчим л байх. Зарим нь 20 см-ээс хэтрэхгүй ойрхон байж мэднэ. Гүн нь 5- 6 метр гэнэ лээ. Ухсан нүхний дэргэдүүр үүргэлсэн нэг нь өнхөрч, шороонд дарагдсан гэж ярих юм билээ. Тэр хавийн газар шуудайтай шороо үүрсэн хүнийг даалгүй цөмөрдөг” гэж ярьсан юм.

НҮХ, ШОРОО БУЛААЛДСАНААС НЭГНЭЭ ХУТГАЛЖ ГЭМТЭЭСЭН ХЭД ХЭДЭН ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ

Энэ ордод нүх ухаж байгаад шороонд дарагдсан тохиолдол хэд хэдэн удаа гарсан ч амь насыг нь аварч байсан аж. Нүх, шороо булаалдсанаас нэгнээ хутгалж гэмтээсэн тохиолдол ч хэд хэд гарчээ. Тухайн бүсэд хамгаалалтын алба ажиллаж буй ч иргэд тэдний шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцэж, мод чулуугаар нүүлгэж, шөнийн цагт хүч түрэн дайрдаг гэнэ. Энэ сарын 20-ны шөнө л гэхэд 150 гаруй иргэн 60 тээврийн хэрэгсэлтэй нэвтэрч орсон байна. Гацууртын ордоос алт олборлохоор өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр 500 орчим нинжа цуглаад байсан ч одоо 1800-д хүрсэн байна. Цагдаагийнхан 25 удаа очиж ажиллан иргэдийг тараасан ч хамгаалалтын бүс рүү дайран орох явдал даамжирсаар байгаа юм байна. Өнгөрсөн сарын 11-ний үүрийн 04:00 цагт 300 гаруй нинжа 50 орчим тээврийн хэрэгсэлтэйгээр Гацууртын орд руу дайрсан байдаг. Харамсалтай нь энэ үеэр Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн, УБТЗ ангийн гэрээт харуул О.Амаржаргал гэх 26 настай залуу шороонд дарагдсан. Азаар тэр үед "нинжа” нарыг уулнаас буулгаж явсан дохиолол, харуул хамгаалалтын "Бүрэнцэнгэл” ХХК-ийн хамгаалагч нар 04:30 цагаас өглөөний 08:00 цаг хүртэл дарсан шороог нь ухсаар таван метрийн гүнээс гарган авч, сумын нэгдсэн эмнэлэгт хүргэж өгч байсан удаатай. Одоохондоо хүн амины хэрэг гараагүй хэдий ч байдал өдөр бүр хүндэрч байгаа гэдгийг нутгийн иргэд хэлж байгаа юм.

ХАМГААЛАХ АЖИЛД 20-30 САЯ ТӨГРӨГ ЗАРЛАГАДЖЭЭ

Мандал сумын Засаг дарга Н.Нямдаваагийн хэлж буйгаар "Гацууртын орд руу "нинжа” нар бүлэглэн дайрах явдал олон гарч байна. Энэ өвлөөс хойш 10 орчим удаа орд руу дайрсан. "Нинжа” нараас ордыг хамгаалах ажилд бараг 20-30 сая төгрөг зарлагадсан. Гацууртын ордын нөөцийн хэмжээг сонссон "нинжа” нар байнга нууцаар ухах гэж ирдэг болжээ. Ихэнхдээ Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Төв аймгийн Заамар сумаас "нинжа” нар хулгайгаар газар ухахаар ирдэг. Тэдний хэд нь гэмт хэрэг үйлдсэн хүмүүс болохыг мэдэхгүй байна. Гэмт хэрэгтнүүд цуглаж байна гэсэн ам дамжсан яриа бол байдаг. "Нинжа” нарын дунд судалгаа хийгээгүй болохоор хэн нь ямар ял шийтгэлтэйг мэдэх юм алга. Мандал сумын Засаг даргын Тамгын газар, цагдаагийн газар, "Ойн сан” нөхөрлөл зэрэг байгууллагуудтай хамтран байнгын бэлэн байдалд, хамгаалалтад ажиллаж байгаа. Сумын цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүн дарга удирдлагуудтайгаа нийлээд 40. Хамгаалалтын албаныхантай нийлээд 50 болж байгаа юм. Ийм бие бүрэлдэхүүнтэйгээр 300 нинжагийн эсрэг тэмцээд хүч хүрэхгүй байна. Тэгээд ч хамгаалалтын алба галт зэвсэг ашиглах хориотой байдгийг "нинжа” нар мэддэг учраас айдаггүй. Тэд цагдаагийн дүрэмт хувцастай, шаардлагатай тохиолдолд галт зэвсэг ашиглах эрх бүхий цагдаагийн албан хаагчаас эмээдэг. Тиймээс ЦЕГ-т албан тоот илгээн хүч нэмэгдүүлэхийг хүссэн” гээд арга нь барагдсан шинжтэй өгүүлнэ лээ. Нутгийн "индианууд”-ын тухайд бусад нинжа нараас ялгагдах юмгүй, харин ч энд тэнд алт ухаад сурсны дээр газар нутгийн онцлогийг мэддэг, хаагуур яаж зугтахаа андахгүй, Ланд-80, 200, портероор унаажсан, мэргэшсэн нөхдүүд байдаг юм билээ” гэв.

Д.МАРГАД

 

Эх сурвалж:

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler